Ч.Хүрэлбаатар: Энэ онд эдийн засгийн өсөлт 2022 оныхоос илүү байх тооцоолол гарч байна
2023/02/20
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Ази тивийн физикийн олимпиад зохион байгуулах зэрэг таван асуудлыг хэлэлцжээ.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Солонгос улсад хийсэн айлчлалтай холбогдуулан 20 орчим ажил төлөвлөн хийх талаар Гадаад Харилцааны Яамнаас танилцуулсан. Энэ жилдээ багтаан тус яамнаас Консулын газрын ажилчдын тоог гурваар нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өглөө.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргаж, Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргуулсан билээ.
Энэхүү хурлыг 2026 онд Хөшигийн хөндийд зохион байгуулах талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж байна.
Мөн өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан. 2022 оны дөрөвдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 4.8 хувьтай гарсан" хэмээн хэллээ.
ВИДЕО:
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлал болон эдийн засгийн өсөлтийн тухай өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр уулзалтууд хийлээ.
Тухайлбал Samsung, Daewoo, Korea telecon< Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье.
ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8% болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6%-аар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6% байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6%-ийн өсөлттэй байна.
Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн.
Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж буйг хэлье. Энэ онд хэд хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа.
Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна.
Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаатай болно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ.
2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.
Нийт монголчууддаа сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлье" хэмээн ярилаа.
Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлэл өгөв.
Сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр лидер болсон компаниудын төлөөллүүдтэй уулзсан. Уул уурхай, банк санхүүгийн салбарыг сонирхож байсан.
УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Ийм учраас гадаадын банкийг Монголд орж ирж үйл ажиллагаа явуулах чиглэлээр урьж байгаа юм.
Уул уурхайн салбарт боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийх саналыг БНСУ-ын томоохон компаниудад тавьж байгааг хэлье" гэв.
Уул уурхайн салбар 2022 онд уналттай байсан бөгөөд төмрийн хүдэр, газрын тосны экспорт тааруухан байсныг онцлов.