Монголын үндэсний ардчилсан намын /МҮАН/ 8 жилийн ой энэ сард тохиож буйтай холбогдуулан тус намын үүсгэн байгуулагчдын нэг, намын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

-МҮАН-ыг байгуулж байсан тэр цагаас хойш 8 жил өнгөрчээ. Тэгвэл өнгөрсөн хугацаан дахь ололт амжилт, алдаа оноо юу байв?

-8 жилийн өмнө Үндэсний шинэ нам гэсэн нэртэйгээр манай нам байгуулагдаж байлаа. Гэхдээ манай нам байгуулагдсан нь тохиолдлын хэрэг биш байсан гэж боддог. 2006 онд монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж, агуу түүхээрээ бахархан, нийгэм түүгээрээ доргиж байсан.

Тэр үед бидэнд нэг ухаарал ирж, улс төрийн намууд ер нь социализм, либерализм гэх мэт гадны үзлээр яваад байх шаардлагагүй гэдгийг олж харсан. Монголчууд хэн нэгнээс хуулахгүй өөрийн гэсэн онцлог үзэл номлолтой, төрийн түүхтэй явж ирсэн.

Тийм учраас үүнийгээ улс төрийн хөтөлбөр болгож, ийм хөтөлбөртэй нам байх хэрэгтэй гэдэг үүднээс анх Үндэсний шинэ нам байгуулагдсан. Ингээд 2011 онд Монголын Үндэсний ардчилсан нам болж нэрээ өөрчилсөн.

-МҮАН-ын үндсэн үзэл баримтлалыг энгийнээр тайлбарлавал?

-Манай намд өөрийн гэсэн тулгын гурван үзэл гэж байдаг. Энэ нь Үндэсний үзэл, Ардчилсан үзэл, Шударга ёсны үзэл. Үүний амин сүнс нь Үндэсний үзэл юм. Тухайн үед 8 жилийн өмнө үндэсний үзэл гэж ярьж байхад энэ үг яриа монголчуудад огт байгаагүй, үг хэллэгийг нь хэрэглэдэггүй байсан.

Түүнээс хойшхи хугацаанд үндэсний үзлээс гадна олон үг хэллэг нэмэгдэж орж ирсэн. Жишээлбэл, монгол иргэншил, Монгол төр гэх мэт. Монголчууд 8 жилийн өмнө “Монголын төр” гэж ярьдаг байсан юм. Харин одоо бол бүгдээрээ хэнээр ч заалгахгүй Монгол төр гэж ярьж байна.

Өөрөөр хэлбэл монголчууд өөрийн гэсэн үнэт зүйл дээрээ бууж, хэрэглэж байгаа нэр томъёо хүртэл 8 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, хүний оюун ухаан сэтгэл санаанд сууж байна.

Манай нам даруухан, гэхдээ гүйцэтгэж байгаа үүрэг бол том гэж бодож байна. Тэр нь юу гэхээр бид монголчуудын зүрхэнд нь байдаг үндэсний үзлийг дуудаж сэрээх ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэ нь ч амжилттай явж байгаа гэж хэлж болно.

-МҮАН өнгөрөгч сонгуульд чамлалтгүй санал авч, эрх баригч хүчинтэй хамтран Засаг барьж байгаа нь амжилт гэж хэлж болох байх. Намын тулгуур үзэл баримтлал төрийн бодлогод оруулж өгөхөд хэр ахицтай байна гэж та үзэж байгаа вэ?

-МҮАН МАХН-тай хамтарч “Шударга ёс” эвсэл болон сонгуульд оролцож, өнөөдөр АН-тай засаг барьж байна. Засаг барьж байгаа намын хувьд Засгийн газрын ажилд байнга л чих тавьж, улс төрийнх нь хувьд оролцох үедээ оролцоод явж байгаа. Тэрийгээ заавал зарлаад, рекламдаад, шоудаад байх шаардлагагүй.

Эрх барьж байгаа бол чи ажлаа л хий гэсэн үг. Түүнээс биш шоудах сонин биш. Нөгөөтэйгүүр сонгогчдын өгсөн саналыг хүндэтгэх ёстой. Хэдийгээр бид Засагт орж ажиллаж байгаа ч гэсэн бидэнд өгсөн санал АН-д юм уу МАН-тай харьцуулахад хамаагүй бага. Тэгэхээр бид өөрсдийнхөө авсан саналын хэмжээнд даруухан ажиллах хэрэгтэй.

Тэгэхгүй бид Засагт орсон гээд өөрийнхөө ийм юм хийх ёстой, тийм ч юм хийх ёстой гээд тулгаад байж болохгүй. Гэхдээ бид өөрсдийн үзэл баримтлалаа яаж хуваалцдаг вэ гэвэл өөрсдийнхөө итгэл үнэмшлийг бусадтай хуваалцаж, тэднийг итгүүлж, тэд итгэж бидэнтэй ажиллаж, үр дүнд хүрэх зорилготой ажилладаг.

Бид нэгдсэн үйл ажиллагаанд хүрэх зорилгоор явж байгаа болохоос биш энийг хий, тэрийг хий гээд шахаад байж болохгүй. Тэгвэл сонгогчдоо хүндэтгээгүй хэрэг болно. Гэхдээ нэг сайн өөрчлөлт нь монголчууд яг өөрийнхөө суурь үзэл дээр бууж байна. Тэрийг зориуд тэмдэглэж хэлэх ёстой гэж бодож байна.

-Тэгвэл эвслийн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байна вэ? Засгийн газрын мөрийн хөтөлбөрт юу юу нь орсон бэ?

-Бидний хөтөлбөрт орсон зүйлээс АН хамтарч Засгийн газраа байгуулсны хувьд авч хэрэгжүүлэхийг санал болгосон зүйл олон бий. Харин юу нь хэрэгжив, юу нь оров гэдгийг дараачийн сонгууль дөхөх үед дүгнэж хэлэх нь зөв гэж бодож байна.

-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд та ажиглагчийн байр сууринаас ямар дүн тавьж байгаа бол?

-Шинэчлэлийн Засгийн газарт хийж байгаа ажил их бий.  2009 оноос хойш дэлхийн эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Санхүүгийн хямрал явж байна. Энэ хямрал нь өөрөө эдийн засгийн хямралыг дагуулж байгаа. Өнөөдөр дэлхий даяар л будлиан, хэрүүл тэмцэл, дайн тулаан болж байгаа шүү дээ.

Харин тийм нөхцөл байдлуудтай харьцуулахад Монголын байдал хамаагүй сайн тогтвортой байгаа.Тэр утгаараа шинэчлэлийн Засгийн газарт наалдах гавьяа бий.
Хэрвээ “Чингис” бондыг босгож чадаагүй байсан бол Монголын эдийн засаг өдий ийм хэмжээний байж чадахгүй.

Бүтэх ч бай, бүтэхгүй ч Монголын алс ирээдүйд хэрэгтэй олон төслийг эхлүүлж чадахгүй байх байсан. Тэгэхээр энэ төслүүдийг эхлүүлэх, гадаадад “Чингис” бондыг босгох зэрэг нь урьд нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Тиймээс иймэрхүү зоригтой алхмуудыг хийж байгаагаараа шинэчлэлийн Засгийн газарт давуу талууд байлгүй яах вэ.

Гэхдээ дотроо дэндүү их зөрчилтэй байгааг шулуухан хэлэхгүй бол болохгүй. Дэндүү их зөрчилтэй, зарим сайд, дарга нь хариуцлага алдаж байгаа явдал зөндөө байна. Тогтвортой байдлыг хамгаална гэх нэрийн дор хариуцлагагүй байдал нуугдаад байдаг зовлон байна. Зовлонг нь ойлгож болно. Гэхдээ аргыг нь олж ажиллах хэрэгтэй л гэж бодож байна.

-Эдийн засаг хаа сайгүй хямарсан харин Монголын эдийн засаг боломжийн байна гэж та хэллээ. Тэгвэл Засгийн газраас эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн аяныг та хэр үр дүнд хүрнэ гэж дүгнэж байна вэ?

-Энэ 100 хоногийн тогтоолыг хараад тогтоолд дурдсан санаанд монголчууд бүгд нэгдэж ажиллаач л гэж хэлмээр байна. Тэгэх ч шаардлагатай. Тэгэхгүй бол хөрөөний ир шиг тал тал тийшээ хараад байвал үр дүн бага гарна. Би 100 хоногт нь шууд үр дүн хүлээчихнэ гэж бодохгүй байгаа. Харин 100 хоногт бодлогоо нэгтгээд ажиллах чиглэлээ гаргачихсан, хүрээгээ тогтоочихсон байх нь их чухал гэж үзэж байна.

-Засгийн газар дотроо зөрчил ихтэй байна гэж та түрүүн хэллээ. Тэгвэл сүүлийн үед “Шударга ёс” эвсэл дотроо хагаралдаж байна гэх шүүмжлэл гарах болж. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нэг нам болж нэг үзэл бодолд нэгдчихээгүй учраас үзэл бодолд зөрүү байлгүй яах вэ. Гэхдээ бидний баримталдаг баримтлал бол бусдын буруу зөвийг тодруулж товойлгох биш тэвчээр заагаад чимээгүй өнгөрөх. Сайн зүйл байвал түүнд нэгдэж байдаг. Энэ бол бидний дотоод зарчим.

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарахдаа эвслийн бүлэг бусад эрх баригчдын шантаанжинд автаж байна гэх агуулгатай мэдэгдэл хийж байсан л даа?

-Ер нь бол зарчмын хувьд бүлгээсээ гарах бол тийм таалаад байх үйл явдал биш. Манайд зохицуулалт алга. Түүнээс биш сонгогчид тэр хүнийг хаанаас, ямар намаас нэр дэвшснийг, хүнийх нь чанар чансааг харгалзаж санал өгсөн байхад тэр хүн өөрийгөө “би л сонгогдсон, сонгогчид надад санал өгсөн” гээд дэвшүүлсэн намаа хаяад юм уу, дэвшүүлсэн намынх нь байгуулсан бүлгээс гараад явчихаж байгаа нь өөрийнх нь ёс суртахуун сайнгүй байгаагийн шинж.

Гадны улсуудад үүнийг зохицуулахдаа хэрэв нэгэнт УИХ-ын гишүүн болчихоод намаасаа гарчихсан байвал тэр гишүүний тойрогт дахин сонгууль зарладаг. Яагаад гэвэл сонгогчид тэр хүнд аль намаас нэр дэвшсэн бэ гэдгийг бодон байж санал өгсөн учраас түүнийг нь хязгаарлаж өгч байгаа хэрэг.

УИХ-ын гишүүн гэдэг чинь сонгогчдын эрхээр өөрийнхөө эрхийг хязгаарлуулсан байдаг. Тэгэхгүй би л УИХ-ын гишүүн, би юу ч хийж болно, юу ч гэж ярьж болно гэж ойлговол алдаа болно. Тэр утгаараа С.Батцогтын үйлдлийг таашаахгүй байна. Монголд хууль зохицуулалт алга. Иймэрхүү үйлдэл цаашаа газар авбал Монгол төр тогтворгүй байдалд орно.

-Бие даагч гишүүд албан бус бүлэг байгуулах талаар мэдээлэл хийхдээ эвслийн бүлгийн хэд хэдэн гишүүд дэмжихээ илэрхийлсэн гэж байсан. МҮАН-ын гишүүдийн хувьд тэгвэл хагарал, үзэл бодлын зөрөлдөөн байна уу?

-Байхгүй. Харин албан бус бүлэг гэдэг ямар нэг асуудлаар нэгдэх, ямар асуудлаар зөвшилцөх нь өөрсдийнх нь асуудал. Үүнд санаа зовох шаардлага байхгүй. Хамгийн гол нь намын бүлгийн явуулж байгаа бодлогоос зөрчилдвөл болохгүй гэдгийг л хэлж байгаа.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд та Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийн хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ? УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байх нь хэр оновчтой гэж боддог вэ?

-Засаглал, төрийн эрх мэдлийг хуваах онол талаасаа бол хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо холилдохгүй байх нь хамгийн зохимжтой. Хууль тогтоох дотор нь суучихаад, засаглал дотор нь орчихоод байхаар төрийн харилцан хяналт, хариуцлага маш их сулардаг.

Тэр утгаараа “Давхар дээл” тайлъя гэдэг санаачилга зөв. Гэвч “давхар дээл” тайлна гэдэг сайхан зорилгын хажуугаар засаг төрийг үймүүлнэ, тогтворгүй байдалд оруулна гэсэн ийм үйлдэлтэй хавсрах юм бол буруу болчихоод байгаа юм.

Тийм учраас үүний ялгааг гаргаж ажиллахад хэцүү байх шиг байна л даа. Би тэр утгаараа болж байгаа үйл явдлыг зүгээр л тэвчээртэй харж байна гэж хэлмээр байна.

-Сайд нарыг огцруулах талаар ар араасаа л ярьж байна. Тухайлбал Х.Тэмүүжин сайдыг тойрсон асуудал багагүй хугацаанд маргаан болсон. Одоо Н.Батбаяр сайд гэх мэт. Та энэ асуудлуудад ямар дүгнэлт өгч байгаа бол?

-Өөрчлөлт, шинэчлэлт гэдгийг бужигнуулах гэж битгий ойлгоосой гэж хэлмээр байна. Залуу хүний алдаанууд байх шиг байна. Залуу хүн асуудлыг шийдэхдээ жаахан хийтэй, дайчин хийж байна гээд бужигнааныг нь илүү сонирхож харсан тиймэрхүү алдаануудаа засах хэрэгтэй.

Түүнээс биш хийе гэж зорьж байгаа агуулгыг нь ойлгож болно. Гэхдээ хийхэд бас арга ухаан хэрэгтэй. Түүнээс сэлэм эргүүлээд юм уу, муудалцаж хэрэлдээд ажил хийнэ гэж үгүй. Тэр талаас би Х.Тэмүүжин сайдад алдаа байгаа байх гэж бодож байна. Гэхдээ яах вэ, тэр бол өөрсдийнх нь шийдэж болох зүйл.

Засгийн газарт ер нь нэг том асуудал байдаг. Нэг сайдын асуудал хөндөгдөхөөр нөгөө сайдуудын асуудал гинжин урвал шиг хөндөгддөг. Тэгэхээр Засгийн газар нь өөрөө тогтворгүй байдалд ордог. Энэ нь Монголд хохиролтой.

Н.Гантуяа