2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын дарга Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэж, АН-ын хуваагдал гэгч эцэс болсон билээ.

 

Гэвч АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн гар хөл бологчдоороо  Улсын Дээд шүүхийн шүүгчдийг шалгуулахаар Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гомдол гаргуулсаар байгаа.

 

Захиргааны хэргийн шүүх иргэдээс ирсэн гомдолд ажлын тав хоногт багтаан хэрэг үүсгэх эсэхээ шийддэг ба өнөөдөр сүүлийн өдөр нь болж буй. Энэ бүхнийг нэг талаас шүүхэд шахалт үзүүлж буй хэлбэр гэж үзэх болох хамгийн гол нь энэ бол АН-ын дарга Л.Гантөмөрийг шантаажилж буй явдал юм.

 

Тодруулбал хэдхэн сарын өмнө АН-ын тамгыг атгаж, АН-ын дараагийн даргыг тодруулах эрхтэй гэж өөрийгөө төсөөлж явсан С.Эрдэнэ өдгөө хоосон хоцорч, тойргийн гадна үлдэхгүйн тулд л АН-д хагарал хуваагдал байгаа мэтээр элдэв үйл ажиллагаа явуулж, эцэст нь ямар нэг байдлаар Л.Гантөмөртэй тохиролцоонд орох сонирхолтой байгаа аж.

 

С.Эрдэнэ эхлээд өөрийн гэх 100 орчим хүнээ АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болгож, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны Тамгын Газрын даргын албыг тус тус авах санал гаргасан ч Л.Гантөмөр зөвшөөрөөгүй гэнэ. Шалдаа буусан С.Эрдэнэ шаардлагаа багасгаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших дөрвөн тойрог л АН-ын удирдлагуудаас хүсэх болсон байна.

Тодруулбал өөрийгөө болон Д.Эрдэнэсувдыг намын жагсаалтын эхэнд оруулах, Н.Болдбаатар, Ц.Алтанцэцэг нарыг Баянгол дүүрэгт нэр дэвшүүлчихвэл бүхий л эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ илэрхийлсэн аж. Уг хүсэлтэд АН-ын дарга Л.Гантөмөр ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм байна.

 

С.Сарнай

sonin.mn