Гадаадын иргэн, харьяатын газрын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газраас чөлөөлөгдсөн нэр бүхий иргэн нь байгууллагын нэр барьж, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс хоёр сая төгрөг авсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн иргэний гаргасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нь шалгуулахаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Цагдаагийн байгууллагад өгчээ.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж,  гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг тус байгууллагаас анхаарууллаа.

Үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн таван орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим сайт болон 1800-1882 утсаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэв.