"Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан.

Орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв.

 

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх юм байна.

 

Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжсэн иргэд ипотекийн 3 хувийн зээл авч болно. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн өрийн үлдэгдэлгүй байх шаардлагатайг тэрбээр онцолж байв.

Ипотекийн 8%-ийн зээлд хамрагдчихаад хөдөө очоод 3%-ийн хүүтэй зээл давхар авч болохгүй аж.