JCI олон улсын байгууллага нь 18-40 насны манлайлагч залуусын нэгдэл бөгөөд нийт дэлхийн 124 оронд салбартай нийгэм болон тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангах, эерэг өөрчлөлтийг бүтээх олон олон төслийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн өөрсдийн гишүүдийнхээ манлайлал болон хувь хүний хөгжлийг ихээхэн дэмждэг байгууллага билээ.

Тэгвэл бид энэ удаад тус байгууллагын хэрэгжүүлдэг олон олон төслөөс 4 дэх жилдээ хэрэгжиж буй 2023 оны туг төсөл болох “Mentorship for RISE” нэртэй Монголын болон гадаад орны салбартай хамтран хэрэгжүүлж буй төслийг онцолж байна.

 

“Mentorship for RISE” төсөл нь анх 2019 онд анх эхэлснээсээ хойш жил ирэх тусам чанаржиж, хүрээгээ тэлж байгаа юм байна. Эхний жилд тэд 62 залууг ментортой болгох хөтөлбөрөөр эхэлсэн бол 2022 онд “Өөр өөрийнхөө өнгөөр тод гэрэлтэж, ганцаараа биш хамтдаа хөгжиж, илүү сайхан гэрэлт ирээдүйг бүтээцгээе” гэсэн JCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг бэлгэдэн анги тус бүр 30 ментий, 30 ментортойгоор зохион байгуулагдсанаараа онцлог болсон юм.

 

Тэгвэл 4 дэх жилдээ хэрэгжиж буй 2023 оны төсөл юугаараа онцлог вэ?

 

2023 онд энэхүү төсөл нь өмнөх жилүүдээс илүү хэд хэдэн давуу талтайг бөгөөд 3 ангилалтайгаар хэрэгжихээр өчигдөр буюу 2023.03.23-ны өдөр нээлтээ хийлээ.

 

Энэ жилийн төслийн давуу талаас дурдвал :

  1. Монгол улсын нийгэм, эдийн засагт бизнес эрхлэгчдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллыг дэмжих, суралцах, хөгжих боломжоор хангахад түлхэц болохуйц “RISE For Women” хөтөлбөрийг шинээр нээгээд байна.
  2. Вьетнам улсын JCI байгууллагатай хамтран олон улсын ментортой болох боломжийг гишүүддээ олгож байгаа нь энэ жилийн ихээхэн онцлог болж байна.
  3. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд ментор болон ментее нар 1 жилийн хугацаанд хамтран ажиллах бөгөөд ажил, амьдралын хэв маяг, карьер гэх мэт олон олон зүйлсийн талаар суралцах боломж олгож байгаа нь бас дурдах нэгэн давуу тал болж байна.

 

Энэ жил 3 бүлэгт чиглэн хэрэгжих уг төслийн хөтөлбөрүүдийг дурдвал:

 

  1. JCI Mentorship” нь JCI байгууллагын шинэ гишүүдийн хөгжлийг дэмжих, шинэ үеийн манлайлагч гишүүдийг бэлтгэх зорилготой 17 салбар байгууллагын төлөөллүүдэд зориулсан хөтөлбөр юм.

 

  1. RISE for Women” нь Монгол улсын нийгэм, эдийн засагт бизнес эрхлэгчдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллыг дэмжих, суралцах, хөгжих боломжоор хангахад түлхэц болохуйц хөтөлбөр юм.

 

  1. Mentorship for RISE” нь 2 болон түүнээс дээш жил салбар байгууллагын удирдлагын багт алба хашсан залуу манлайлагчдыг ирээдүйн JCI удирдагч болгон бэлтгэх зорилготой бөгөөд 17 салбар байгууллагын төлөөлөл, JCI Вьетнам салбар байгууллагын 18 оролцогч хамтран оролцож буй юм.