Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Үүнд:

  1. УЦС-ын техник хяналтын зардал 5 орчим сая долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах
  2. Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл 4 орчим тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгах
  3. 1,241 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөр 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдлийг 2024 онд багтаан дуусгах
  4. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүдийг хамгаалахад шаардлагатай 6 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шийдвэр гаргалаа.

2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана.

Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Хятадын ЭКСИМ банк, худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын мэдээллийг хүргэнэ. 250 сая доллароос дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай.

Хятадын Төрийн зөвлөлөөр дэмжигдсэний дараа энэ оны хоёрдугаар улиралд багтаан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг хийх үр дүнд хүрсэн" гэв.