Гадаадад суралцсан 230 оюутны зээлийн гэрээний үүргийг хууль, хяналтын байгууллагатай хамтарч биелүүлүүлнэ
2023/03/29
Засгийн газрын ээлжит хурлын үеэр боловсролын салбартай холбоотойгоор гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд сурч байгаа 150 мянга орчим оюутнуудын төлөөлөл болсон 1,000 орчим оюутнуудтай уулзалт хийсэн.
Ингэхдээ оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг гаргаж эрэмбэлсэн. Тодруулбал,
- Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал
- БЗС-гаас олгох зээлийг ил тод болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
- оюутан цэрэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог нэмэх
- Оюутны дотуур байрны стандартыг шинэ шатанд гаргах
- Их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн сургуульд багшилж байгаа багш нарын ёс зүйн асуудал
- Оюутнууд цагийн хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн мөлжлөг байна
- 24 цагаар ажилладаг номын сан байдаггүй
- Автобусны картын хүрэлцээ, зорчих эрхийн асуудал
- Оюутан сайн дурын хөдөлмөр эрхлэхэд кредитээр тооцдог гэх мэт 10 асуудлыг эрэмбэлсэн байна.
E-mongolia цахим платформд оюутнуудад зориулсан esudent хэмээх цонхтой болсон. Өөрөөр хэлбэл, оюутнууд төртэй esudent цонхоор дамжин харилцаж, төрөөс өгч байгаа үйлчилгээнүүдийг авах боломжтой болсон.
Өнөөдөр Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд,
- Цахим цонх дахь оюутнуудад үзүүлдэг төрийн үйлчилгээнүүдийн нэр төрлийг нэмэх
- Боловсролын зээлийн сангаас олгогддог тэтгэлэг, зээлүүдийг E-mongolia платформоор бүртгэж явуулах
- Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдад үүрэг өгөгдөж, өнөөдөр их, дээд сургуульд суралцаж буй оюутан эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байсан ч нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношилгоонд оролцох ажлыг зохион байгуулах шийдвэрүүд гарсан.
Мөн Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцсан 2,000 гаруй суралцагчаас 230 оюутан гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан. Энэ нь улсад 14 орчим тэрбум төгрөгийн эрсдэл гаргахаар байна. Иймд хууль хяналтын байгууллагатай хамтарч энэ хүүхдүүдэд холбогдож, гэрээний үүргээ биелүүлэх ажлыг хийнэ" гэв.