Г.Сайханбаяр: Оюутан цэрэгт орон нутгийн суралцагчдыг хамруулахаар боллоо
2023/03/31
“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1,500 болгох шийдвэр өчигдөр гарсан билээ. Энэ талаар БХЯ-наас мэдээлэл өглөө.
БХ-ын сайд Г.Сайханбаяр “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг “Е-Мongolia”-аар явуулж байна.
Гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1,000 гаруй оюутан бүртгүүлжээ. Оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг цахим бүртгэлээс авч сонгон шалгаруулалт хийнэ.
Хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан бол Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах шийдвэрийн дагуу “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуусыг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна" гэв.
Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад нэгдүгээр дамжааны 8,247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2.8-аас дээш) 4,887 оюутан байгааг мэдээллээ.
Оюутан цэрэг хөтөлбөр 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулжээ.