Хууль зүйн байнгын хорооноос  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  оролцсон юм.   Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Ардчилал гэдгийг юу дуртайгаа хийж болно. Гэр бүл, нийгмийн харилцаанд, төр иргэний харилцаанд хэм хэмжээ баримтлахгүйгээр оролцож болно гэсэн ойлголт нийгэмд бий болсон байна.

 

Иймээс ёс зүйн алдагдсан хэм хэмжээг сэргээхийн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн тухай хууль, УИХ-ын Хянан шалгах хуулиуд бүгд хоорондоо уялдах шаардлагатай.

 

Мөн авлигын хэрэг нууц далд байдалд хийгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг таслан зогсооход зөвхөн нэг байгууллага, төрийн байгууллагын үүрэг мэтээр хязгаарлаж болохгүй. Бүх нийтийн оролцоо дэмжлэг чухал.  Үүгээрээ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь онцгой ач холбогдолтой.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

 

-Монгол Улс НҮБ-ын  Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн орж, парламент соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс анхдагч хуулийн төслийг боловсруулсан.

 

“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер  Д.Бадамрагчаа:

 

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд тухайн шүгэл үлээгч буюу иргэнийг аливаа эрсдэлээс сэргийлэх хуулийн хамгаалалтыг хангалттай түвшинд хийх шаардлагатай. Мөн материаллаг  ашиг хонжоо харахаас сэргийлсэн заалтуудыг нарийвчлан тусгах шаардлагатай байна.

 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсад нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэн төрийн хамгаалалтад орох алхмыг дэвшилд хүргэсэн эрх зүйн зохицуулалт бүхий сайн хууль гарахын төлөө хамтран ажиллая”  гэв.

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн билээ. Засгийн газраас Авлигатай тэмцэх таван Ш хөтөлбөрийн хүрээнд энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.

 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин