Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.