УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тус намын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийжээ.

Энэ талаар тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын гол баримталж байсан зүйл нь сонгуулийн тогтолцоо байсан. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг бидний зүгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Эрх баригч намаас дахин энэ саналыг гаргаж ирж байна. Бид үүнтэй санал нийлнэ. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болохгүй байх ёстой. 

Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө ял эдэлдэг байдал байна. Иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол уг асуудал аль эрт шийдэгдэх байсан. 

Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэн. Дахиад 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлыг хуримтлуулж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэдэг зүйл ярьдаг. Ачаалал даах хэмжээний Цэцийн гишүүдтэй болох гэдэг бол дараагийн асуудал. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул дорой болгоно" хэмээв. 

Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой асуудлын талаар "Бид цаазаар авах ялыг халсан ч Үндсэн хууль дээрээ энэ талаарх бичвэртэй байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй.

Шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоог уг хуулиас хасвал яасан юм бэ? Шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын тухайд гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг хэсэг байдаг байгууллагыг Үндсэн хуульд бичсэнээр хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байна гэдэг үзэл бий. 

1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн Үндсэн хуулийн дархлаа гэдэг зүйлийг яах вэ? Үндсэн хуульт ардчилсан улс орны замаар явъя гэж бодож байгаа бол дархлааны талаар бичих хэрэгтэй" гэлээ.