Ардчилсан нам сонгуульд нэгдэж орохоор боллоо
2023/04/20
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлага Л.Гантөмөр, С.Эрдэнэ болон намын нийт бүрэлдэхүүн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Өнөөдөр С.Зориг агсан минь амьд байсан бол 61 настай байх байлаа. С.Зориг агсны мөрөөдөж байсан нийгэм бол АН, эрх чөлөөний тэмцэж буй хүн бүрийн мөрөөдөл байдаг. Харамсалтай нь Монгол Улсад өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь нэг намын ноёрхол тогтсон, боож боогдуулсан нөхцөл байдалтай нүүр туллаа. Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдрөөр тавьж байгаа тангараг бол Монгол Улсаа хөгжүүлье залуучуудын эрх чөлөөний төлөө хийж байгаа тэмцлийг үргэлжлүүлье гэсэн зүйл. Залуучууд орлоготой ажилтай бизнестэй болох хэрэгтэй. Хамтдаа ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор АН-ын эв эеийг сахисан үйл хэргийн эхлэлийг үзэх гэж байна.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгоно гэсэн дээр АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголчууд бид цөөхөн. Тиймээс бид нэг нэгдээ итгэж байж хөгжинө гэж бичсэн байгаа. Монголчууд бидний улс төрд хандах дөрвөн том хандлагыг С.Зориг агсан хэлж сургасан. Бидний хамгийн том эрх ашиг Монгол Улс дараа нь нам, удаах нь бүлэг байх болно гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны хэргийг илрүүлэх боломж байсан. Гэтэл улс төрийн зорилгоор ашиглаад эхэлсэн. Ашиглахдаа АН руу бурууг чихсээр ирсэн. Энэ хэргээр далимдуулж улс төр хийж байгаа нь ардчиллын хар толбо” гэв.
АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна.
Энэ өдөр бид АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйлявдлыг эхлүүлж байна.
Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэлээ.