Ардчилсан Намын/АН/ удирдлагууд ойлголцолд хүрсэн талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тус намын дарга асан С.Эрдэнэ "АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашид эв нэгдлээ бэхжүүлэн улс орны өмнө тулгамдаад буй олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна.

Эрх баригчдын хэт даварсан, нэг намын дарангуйллыг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин АН гэж ард иргэд харж байгаа.

Тус намын шинэ даргаар томилогдсон Л.Гантөмөр ажлаа албан ёсоор хүлээж авч, нэгдмэл улс төрийн хүчин болж ажиллахаар болж байна" хэмээн ярилаа.

АН-ын дарга Л.Гантөмөр "Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй зүйл бол эв нэгдэл, эв эе. Би өнөөдөр ханиадтай байгаа юм. Дээрээс нь масктай суугаад байгаа шалтгаан нь ардчилал коронад нэрвэгдсэнийг сануулж байна. Үл ойлголцлыг бий болгосон хамгийн хүчтэй оролцогч корона байсан.

АН-ынхан дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Коронагийн үед хүмүүс хоорондоо уулзаж чадахаа больсон, хурлууд онлайн болсон.

Манай намынхан төдийгүй иргэд эв эеийг хичээж явах зайлшгүй шаардлагатай. Эв эеийг хичээх нь ойлголцлыг хэлж байгаа юм.

Удаан хугацаанд тэвчээр гаргаж, урагшаа алхаж чадсан.

АН-ын Дээд шүүхийн бүртгэл хийгдээд, түүний дараа 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гэрчилгээгээ авсан. Дөрөвдүгээр сарын 7-нд АН-ын 33 жилийн ойгоор намын шинэ даргаа гэрчилгээнд бүртгүүлсэн.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн боллоо" гэв.