УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Тодруулбал тэрээр: "Эрх баригч намын толгой нь эргэсэн байна. Хоёр удаа 60 гаруй суудал авсан эрх баригчид амьдралаас тасарсан байна. Тэдний гаргасан шийдвэр бүр буруу болж байна. Мөхөх төрд бурхан ухаан хайрладаггүй гэж үг бий.

Манай эрх баригчид удахгүй монголын төрөөс зайлах нь тодорхой болжээ. Шүүр ажиллагаа магадгүй эрх баригчдыг өөрсдийг нь шүүрдэх гэж байна гэж би харж байна. Шүүр ажиллагаа, шүүх ажиллагааг эрх баригчид дээр хэрэгжүүлэх цаг нь ирж байна гэж ойлгож байна.

 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр хорьсон байна, хэлмэгдүүлсэн байна, хууль бус хэрэг тохож, эрүүдэн шүүсэн байна гэдгийг Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурав УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон удаа ярьж байсан. Би магадгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронд хамгийн их эргэсэн УИХ-ын гишүүн байх. Сар болгон эргэж очдог байсан. Энэ хоёр залууг хэлмэгдүүлэлтээс аврах нь монголын эрх ашигт нийцнэ гэж үздэг улстөрч би байсан. Тухайн үед Ж:Батзандан худлаа ярьж байна гэдэг байсан. Өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй боллоо, цагаадлаа. Үнэн яллаа. Монголын төр энэ хоёр хүнийг хэлмэгдүүлж, 6 жил шоронд хорьсон мөрдөгчид, прокурорууд, хууль хяналтынхан гэр бүлд нь нөхөн олговрыг нь өгөх ёстой." гэв.