Музейн хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу иргэдээс очиж тодруулга, мэдээлэл авсан
2023/04/24
Засгийн газрыг огцрох шаардлага тавьж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнөөс баривчилж явлаа гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гараад байна. Уг асуудал ямар учиртайг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Монголын Үндэсний Музейгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад байна гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Энэ дагуу иргэн н.Чинбат, н.Оюунбат нарыг дуудахад ирээгүй тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнөөдөр очиж, тодруулга мэдээлэл аваад гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд явуулсан.
Баривчилж, саатуулсан зүйл байхгүй" гэв.