Б.Ганбат: Шинээр төрсөн хүүхэд бүрд "ЭТТ" ХК-ийн хувьцааг хэрхэн эзэмшүүлэхийг онцгой дэглэмийн хугацаанд шийднэ
2023/04/28
"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.
Тус хурлаар "ЭТТ" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эсэх асуудлыг энэ оны аравдугаар сар хүртэл хойшлуулсан хэмээн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрийг танилцуулав.
Энэ үеэр Монголын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх эсэх асуудлаар ТУЗ-ийн дарга Бямбажавын Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хувьцаа эзэмшигчийн тархалтын байдлаас үзэхэд "ЭТТ" ХК-ийн хувьцааг шинээр төрсөн хүүхэд бүрд эзэмшүүлэх шаардлага тавигдаж байгаа. Энэ үеэр хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар түүний эрхийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК-аас тодорхой чиглэлийг өгсөн.
Нэгдүгээрт, "ЭТТ" ХК энэ оны аравдугаар сар хүртэл онцгой дэглэм тогтоогдсон байдалтай байна.
Хоёрдугаарт, Санхүүгийн үр өгөөжийг өсгөхийн тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн хүрээнд 2022 оны ногдол ашгийг онцгой дэглэмийг дуустал хэлэлцэхгүй байх.
Мөн Монгол Улсад төрж байгаа хүүхэд бүрд хэрхэн яаж эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагад танилцуулна.
Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэр барих болон иргэн бүрд хувьцааг хэрхэн хуваарилж дахин олгохыг эрх бүхий байгууллагад танилцуулах, шийдвэр гаргах ажил байгаа" хэмээн ярилаа.