Боловсролын багц хуулийг шинэчлэх төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Хуулийн төсөлд үндсэн гадаад хэлийг англи хэл болгох заалт оруулж байгааг хууль санаачлагчид мэдээлж байв.

Харин англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиас заах уу, гуравдугаар ангиас уу гэх асуудал олон нийтийн дунд маргаантай асуудал болоод байна. 

Энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа тайлбар оруулжээ.

Тэрбээр "Боловсролын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр англи хэл үндсэн гадаад хэл байна гэж заасан.

Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.

Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөр, сурах бичиг, багшаа бэлдэнэ" гэсэн байна.

Тэгэхээр "Англи хэлийг нэгдүгээр ангиас заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ" гэх мэдээлэл салбарын сайдын тайлбарласнаар худал ташаа болж таарлаа.

"Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно.

Математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа" хэмээн БШУ-ны сайд өмнө нь мэдээлж байсан юм.