Энэ сарын 20, 21-нд “Буянт-Ухаа” нисэх буудлын талбайд 5,000,000 төгрөгийн такстай, нүсэр хэмжээний задгай шоу цэнгээн зохион байгуулагдах гэж байна.

Солонгосын DJ Jina тэргүүтэй орчин үеийн залуусын төлөөлөл, томоохон хамтлаг дуучдын тоглолтыг үзэх вип үйлчлүүлэгчид нь хязгааргүй шар айраг, хоол, дарсаар үйлчлүүлж, энэ зуны анхны нүсэр шоуг эхлүүлэх гэнэ.

“Буянт-Ухаа” нисэх буудлын дарга нарыг энэхүү шоу цэнгүүнийг зохион байгуулах гээд завгүй байх хооронд  нисэх буудлын талбайд “ОБЕГ”-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын 2 хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан байна.

Уг нь шоу цэнгүүнд ач холбогдол өгч байхаар онгоц хөөрөх, буух талбайгаа нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалж, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байх шаардлагатай баймаар. Гэтэл тэгсэнгүй.

Шуудхан хэлэхэд онгоц нисэж буух улсын онцгой бүс онгоц осолддог, архидан согтуурдаг, шоу цэнгээний талбар болон хувирлаа.

Олон улсад өрсөлдөх нөөц бололцоо бүхий онгоцны буудлаа үндсэн чиглэлээр ажиллуулж аврахгүй бол нүх болгоноо түрээслээд, нүсэр архидалт зохиодог дарга нарын хөлд үрэгдэж хөөрхий “Буянт Ухаа” бүдгэрч арчигдах гээд байна  УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

ЭХ сурвалж: tsenzuur.mn