Хүн анх төрөхдөө гашуун, чихэрлэг, амттай мэдрэмжийг ялгадаггүй. Хамгийн гол нь хооллох дадал зуршлыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэд бий болгодог. Та өөрөө чихэртэй цай уудаг бол хүүхдэдээ ч мөн адил тэрхүү дадал зуршлыг сургаж байж магадгүй. 

Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд өөрийнхөө амталгаагаар хүүхдээ хооллодог. Хоол хүнсээ өөрөө сонгож, хэрэглэж чадахгүй байх үед нь чихэр өгч дуртай болгочхоод эргээд эрүүл хооллох тухай ярьдаг хандлага түгээмэл ажиглагдаж байгааг Анагаах ухааны доктор М.Ундрам ярилаа. 

"Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахраа багасгая" нөлөөллийн аяны хүрээнд чихрийн хэрэглээний талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр "Хүний хэрэглэдэг хоол тэжээл нь уураг, нүүрс ус, өөх тос гэсэн гурван үндсэн шимт бодисоос бүрддэг. Эдгээр нь бүгд чухал. Гэхдээ зөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэн удаан хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын сөрөг үр дагавартай. 

Бидний хооллох дадал зуршил бага балчир наснаас суудаг тул эрүүл хэв маягт багаасаа суралцах нь зүйтэй.

Хүүхэд ахуй насанд нь ямар хүнс өгч дадаж заншуулахаас шалтгаалж нэг бол эрүүл мэндийг нь хамгаалах хэв маяг, эсвэл биед нь сөрөг нөлөөт хооллолтын хэв маяг болж үлдэнэ.

Хүн хоногийн илчлэгийн хэрэглээнийхээ таван хувиас доош хэрэглээг энгийн чихрээс авахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог. Жишээлбэл,

  • Дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар 1,400 калори
  • Өсвөр насныхан 1,800 орчим калори 
  • Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 2,000-2,500 калори илчлэгийг хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой. 

Улмаар бүх эх сурвалжаас авч буй сахрын хэмжээгээ бодоход л хоногт 15-20 грамм энгийн чихэр хэрэглэх нь зүйтэй. 

Нэг ёотонд агуулагдах чихрийн хэмжээ дөрвөн грамм орчим байдаг. Ингэж бодвол дөрвөн настай хүүхэд өдрийн турш хамгийн ихдээ дөрвөн ёотонтой тэнцэх чихэр идэх нь зөвлөмж хэмжээ. Гэтэл ихэнх хүн хоногт энгийн чихрээс авах илчлэгээ тэр даруйдаа хангачихдаг. Нэг дор хэт их чихэр иддэг гэсэн үг" хэмээн хэллээ.

Чихэрлэг бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэх сөрөг нөлөө: 

Нойр хүрэх, залхуурах, анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтэй болох бөгөөд чихрийн ачаалал нь цусан дахь сахрын хэмжээг богино хугацаанд ихэсгэдэг. 

Зарим судалгаанд чихэртэй бүтээгдэхүүн хэт их хэрэглэх нь хүүхдийн хөдөлгөөний идэвхгүй байдалтай холбоотой байгааг дурдсан байдаг.

Телевизийн өмнө удаан хугацаанд цагаа зарцуулж буй хүүхдүүд зүгээр суухгүйгээр хивэх зуршилтай болдог. Ямар нэгэн амттан идэж, телевизийнхээ өмнө цагаа өнгөрөөдөг гэсэн үг. Эрүүл мэндийн сөрөг зан үйл ихэвчлэн хүүхэд, өсвөр наснаас хүнд бий болж байна. 

Цусан дахь сахрын хэмжээ тогтмол өндөр байвал бие махбодод өөхөн эд бий болж хуримтлагдана. Ялангуяа, бага насанд өөхний эс олширч нэмэгддэг. Харин насанд хүрсний дараа өөхний эс хэмжээгээрээ томордог. Тиймээс насанд хүрсэн хойно таргалбал жингээ хасах нь харьцангуй амархан. Гэтэл бага насанд өөхний эс олширч нэмэгдсэн тохиолдолд эсүүдийг цөөн болгох хэцүү. Үүнд удаан хугацаа шаардлагатай болдог. 

Бидний нойр булчирхайгаас инсулин даавар ялгарч цусан дахь чихрийн хэмжээг тогтвортой байлгадаг. Хэрэв байнга чихрийн өндөр ачаалалтай байвал биед инсулины харьцангуй дутал үүсэж, улмаар чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл бий гэдгийг Анагаах ухааны доктор М.Ундрам хэллээ. 

Үргэлжлүүлэн "Бидний шим тэжээл, илчлэгийн үндсэн эх сурвалж чихэр мөн. Мэдээж идэж болно. Гэхдээ хэмжээтэй, хязгаартай хэрэглэмээр байна. 

Өдөрт нэг аяга ундаа уусан бол бусад энгийн нүүрс ус, шоколад, амттаныг хэрэглэхгүй байя гэдэг хандлага чухал.

Түрүүн хэлсэнчлэн насанд хүрсэн хүн хоногт дунджаар 2,000-2,500 калори илчлэг авах ёстой. Үүний таван хувь нь энгийн чихэр байна гэж үзвэл ойролцоогоор 15-20 грамм чихэр идэх нь зөвлөмж хэмжээ. 

Тэгвэл та өдөрт таван аяга цай уулаа гэж бодъё. Цай болгондоо нэг ёотон хийж уусан бол дахиж чихэр хэрэглэхгүй байя гэх хандлага чухал. 

Зарим насанд хүрсэн хүн "Ус уусан ч таргалаад байна" гэж хэлдэг. Яг үнэндээ илүүдэл жин, таргалалт нь авч байгаа илчлэг, зарцуулж байгаа илчлэг хоёрын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой.

Чихэр буюу нүүрс ус нь макро шим тэжээлийн нэг мөн. Энэ нь дотроо энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэсэн хэлбэртэй. Аль болох нийлмэл нүүрс усны хэрэглээтэй байх нь зөв. Өөрөөр хэлбэл, ислэг ихтэй бүтээгдэхүүн гэсэн үг. Жишээлбэл, сонгино, байцай зэрэг хүнсний ногоо болон үр тариа ордог.

Тэгвэл энгийн нүүрс ус нь биед хурдан шингээд цусан дахь чихрийн хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлдэг" гэлээ.

Сүүлийн үед өсвөр насныхан маань кофе шопуудаар их үйлчлүүлж, дуртай зүйлээ авч ууж байна. Тэгвэл миний уух дуртай кофенд хэдэн грамм сироп орж байгаа вэ гэдгээ асуугаад үзээрэй. Ихэвчлэн чихрийн өндөр агууламжтай буюу 70-80 хувийн сироп агуулагддаг. Иймд ууж, идэж буй бүхэндээ хяналттай хандахыг тэрбээр зөвлөлөө.