Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны парламентийн үед буюу 30 жилийн өмнө үүнийг бичиж нийтлүүлжээ. Эрх мэдлийн зөв хуваарьлалт үгүй, хэн юу хариуцах болон юунд оролцох эрхгүй нь тодорхой бус тогтолцоонд анхдагчид учраа олохгүй эхэндээ тэнүүчилж байв. Одоо бол мэргэшсэн, төгөлдөржсөн, төвхнөсөн. Парламент болон Засгийн газрын нийт 100 орчим гишүүд зөвхөн өөрийнхөө төлөө эрх мэдлийг булаацалдан, нэгдмэл төрийн бодлогыг тасар татан хувь хувьдаа хэсэглэн авсныг бүгдээрээ харж байгаа. Төрийн сонгуулийн тогтолцоо нь ч ийм механизмыг хөөрөгдөгч. Цонхоо онгойлгоод ч нэмэргүй, өмхий хамхай бөгчимийг хэн ч тоохгүй, гол нь гарт нь орсон эрх мэдлийн тасархайгаа ашиглаж ганц биеэ улам таргалуулах!

 

УИХ-ын гишүүн Н.Жанцанноров гишүүнээсээ татгалзах бодолтой, харин үүнийг хуулиар зохицуулсан заалт үгүй тул хэнд хандаж саналаа тавихаа мэдэхгүй УИХ-ын орлогч даргад учраа хэлжээ. Орлогч дарга түүнийг өвчний актаар суллаж болох юм гэсэн нь нэгэнт хуульгүй тул бантсаных биз.

 

Н.Жанцанноров акт олоод ирлээ. Жинхэнэ тамга тэмдэгтэй! Дотоод асуудлын байнгын хороо Жанцанноров, өвчний акт хоёрыг авч хэлэлцэв. Мань хүнийг УИХ-ыг орхин одвол араас нь хүмүүс цуварч хаясаар эцэст нь төрийн дээд эрхийг барилцах хүн олдохоо болино гэсэн үзлийн уур амьсгалд болсон уул хэлэлцүүлгийн үеэр нөхөд нь түүнийг муу үг, сайхан амлалтаар хослуулан дайлж, бодлоосоо татгалзахыг уриалан шахав. Хэд хоногийн дараа УИХ энэ асуудлыг авч хэлэлцээд ганц саналын давуутайгаар “өвчний актыг хүлээн зөвшөөрөв”.

 

Хүний өвчний байдал уул хүний хувийн нууц байдаг атал хурал дээр С.Чулуунбаатар дарга элэг уушгиных нь одоогийн байдлыг илтгэх гэж сандаргав. Нэгэнт л өвчтэй зовлонтой гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байсаар байтал “ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн” өөдгүй хүн болохыг нь нотолсон хорон үгээр үдэхээ зарим гишүүд мартсангүй. Ийнхүү Н.Жанцанноров “чөлөөлөгдлөө”. Яг л магадалгаагаар шоронгоос тавигдаж буй хоригдол мэт, өвчний актаар цэргээс мултарч буй байлдагч мэт, ар гэрийн зовлонгийн учир сангийн аж ахуй явахаас аврагдаж буй оюутан мэт. Тэрээр өнгөрсөн нэг жилд УИХ-аас бултаж буй дөрөв дэх хүн Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Д.Сугар тэгээд Н.Жанцанноров.

 

Өнгөрсөн гурван жил бол Монголын хамгийн хар түүх ба дотор нь гялайх ганцхан юм буй нь шинэ үндсэн хууль шахам юм ярьдаг хүн нэн олон. Энэ “гялайх” хуулийн дагуу байгуулагдсан парламентыг Үндсэн хуулийн 3-1-д “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн...” гэж тодорхойлжээ.

 

Тэгвэл төрийн дээд эрх гэж юу юм бэ, түүнийг яаж барьдаг юм бэ, УИХ барьж чадаж байна уу, барьж чадаж буй юм бол энэ өлөн зэлмэн байдалд тэд буруутай юу, яагаад өөрсдөө явган явж байдаг юм бэ, гишүүнээсээ болих сонирхол Жанцанноровоор дуусахгүй үргэлжилнэ - яагаад гэх мэтийн олон асуулт гарч ирж байна. Ерөнхийдөө гурван янзын төр байна. Нэг хүний буюу монархи маягийн төрд хаан юм уу дарангуйлагч бүх эрх мэдлийг ганцаараа эзэмшинэ. Олигархи буюу цөөнхийн дарангуйллын төр гэдэг нь бүдүүн тоймоор жишээлэхэд Улс төрийн товчоо, Намын төв хороо улсыг атгаж байсан манай хуучин тогтолцоо. Эхнийхэд нь дарангуйлагчийн амнаас гарсан хий бүр хууль бол, хоёр дахид нь цөөнх өөртөө үйлчлэх хуулийг олонхид тулгана. Нийтээр мөрдөх хууль журам олонхын хүслээс урган гарах авч цөөнхийнхөө оршин тогтнохыг хүлээн зөвшөөрч байвал ардчилсан төр болоод ирж буй нь тэр. Уул нь ард түмэн бүгдээрээ цуглаж байгаад мөрдөх хуулиа хэлэлцэн гаргаад ирдэг бол тун зүгээр авч үгүй наад зах нь бүгдийг нь багтаах заал танхим дэлхий дээр байдаггүй тул хаана ч төлөөлөх ардчилал гэсэн журмыг хэрэглэдэг. Ийм учраас ард түмнээр хууль хэлэлцүүлнэ гэдэг сонсоход л шударга болохоос амьдрал дээр бүтдэггүй тул хамгийн шударга бус зүйл юм.

Үлгэрлэвээс саяхан болтол манайд төвийн хэдэн хэвлэл дээр байнга бичдэг, цаанаасаа даалгавартай юм уу эсвэл ерөөсөө л хэнхэг, улсын хэмжээгээр 500-аас хэтрэхгүй хэдэн хүн ард түмний нэр барин дуу хоолой нь болж явлаа шүү дээ. Иймээс ч А.Линколн “Ард түмний төр ард түмнээс урган гарч ард түмний төлөө үйлчилнэ” гэсэн мэргэн үгээ хэлжээ.

Яаж урган гардаг юм бэ? Ард түмэн мөнөөх зааланд багтахуйц хүмүүсээ тодорхой хугацаанд сонгодог. Хэнийг? Итгэл найдварыг нь хүлээсэн "ухаантай" хүмүүсээ л сонгож таараа. Дээр үед аугаа их сарваахь Исаак Ньютоныг Английн парламентад сонгон суулгажээ. Английн хуулийг бүтээхэд тэрээр юугаар тус болсныг нь хожим түүхчид судлаад нэг л удаа үг хэлсэн болохыг нь тогтоосон нь “Яасан бүгчим юм бэ, цонхоо нээгээч!”. АНУ-д анхны сонгууль болж ард түмэн итгэдэг хүмүүсээ сонготол тэдний хууль тогтоох байгууллагын нийт төлөөлөгчдийн хагасыг жүжигчид, генералууд эзлэх нь тэр. Мажоритар сонгууль энэ! Ард түмний төр ард түмнээсээ ингэж урган гардаггүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн ийнхүү мэдээд авах нь тэр.

 

Тодорхой мэргэн хүн дээр биш, тодорхой үзэл баримтлал дээр бөөгнөрөлдөн, үзлийн төлөө ард түмэн саналаа өгвөл илүү шударга, утга учиртай болох юм байна гэдэг нь ингэж түүхээр батлагдсан хэрэг л дээ. Проплорционал сонгууль энэ!

 

Ийм хууль тогтоогоод ингээд хөгжвөл зүгээр юм гэсэн тодорхой үзлийг тээгч бүлэг хүмүүсийг нам гэнэ. Нийгэмд хичнээн төлөвшсөн үзэл байна, төчнөөн нам байж болно. Эдний хийж, ярьж, төлөвлөж буйг нь улс төр гэнэ. Өөрөөр хэлбэл төрийг зохицуулах, ямар хуулиар явах тухай бодлогыг улс төр гээд буй хэрэг. Улстөржихгүй гэдэг маань хэрэлдэхгүй гэсэн үг үү, бодлогогүй байя гэсэн үг үү? Улс төрийн идэвхтэй хэсэг аль ч чөлөөт нийгэмд хүн амын цөөнх хэсэг байдаг ба тэд аль нэг намд эвлэлдэн нэгдэнэ. Тухайн нийгэмд төлөвшсөн аль ч үзэлтэй санал нийлэхгүй хийгээд өөрийнх нь үзлийг өөр бусад дэмжвэл шинэ намаа байгуулах эрхээр иргэн хангагдсан байх нь ардчиллын нэг хэмжүүр. Чөлөөт нийгмийн олонх нь аль нэг намд харьяалагдахгүй авч сонгуулийн үед аль нэг үзлийг дэмждэг ба огт оролцохгүй ч байх эрхтэй. Ингэхээр ард түмний олонх нь аль ч намын гишүүн биш атал тэднийхээ төлөө үхэн хатан зүтгэнэ гэж нэр дэвшигчид маань уйлагнаад байдаг нь сонсоход үнэхээр шударга, гоё боловч хоосон үг байгаа биз?

 

Сонгуулиар ард түмний олонхын саналыг авсан үзэл бодолтнууд нийтээр мөрдөх хуулийг өөрийн хүслээр гаргаж ирдэг нь олонх цөөнхөө захирч буйн илрэл юм. Энэ хуулийг тухайн улсын иргэн бүр мөрдөж байх ёстой учраас хууль тогтоох газар төрийн дээд эрхийг барьж буй нь энээ. Цөөнх нь дараагийн сонгуульд олонх болохын тулд алдааг нь ажиглан шүүмжилж, ард түмнийг өөртөө татахыг бодно. Хууль хэлцэхийн тулд зааландаа байх хэрэгтэй боловч хууль нь заалнаас гадна улс даяар хэрэгжих ёстой тул төрийн дээд эрх баригчид гаргасан хуулиа өөрсдөө гүйцэтгэн хэрэгжүүлээд байх бололцоо огт байдаггүй. Иймээс хэлснийг нь ясчлан хэрэгжүүлээд байх багийг бүрдүүлэн томилдогийг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар гэж нэрлээд байгаа юм. Багийн ахлагчийг ерөнхий сайд гэх ба тэр нь парламентын гишүүн, ялсан намын толгойлогч байх ёстой байдаг нь амьдралаас урган гарсан шаардлага. Парламент гүйцэтгэх засаглалд үүрэг өгөн ажиллуулах ба араас нь байнга хяналт тавин шалгаж, шаардлага хангахгүй бол сольж хольж байдаг. Үүнийг улс төрийн хэллэгт Засгийн газар огцрох гэнэ.

 

За ингээд хичээлээ дуусгаад манай УИХ төрийн дээд эрхийг барьж байна уу гэдгийг сонирхъё. Парламентын засаглалтай Монгол улсын Үндсэн хууль УИХ-д бүх эрхийг олгосон. Бүр давуулж олгосон. Учир нь ихэнх оронд хууль тогтоох хоёр танхим байдаг нь биенээ хянах бололцоо олгодог. Мөн парламент өөрөө хууль зөрчих, ажиллах чадваргүй болох зэрэгт нь ерөнхийлөгч тараах зэрэг янз бүрийн механизмаар хянагдаж байдаг.

 

Манай УИХ-ыг хэн ч хянаж чадахгүй. Тэр байтугай Цэцэд ч хянах механизм үнэндээ байхгүй. Гишүүдийн гуравны хоёр нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй боллоо гэж үзсэн үед л УИХ тарах хууль байгаа нь амьдралд хэзээ ч хэрэгжихгүй гэсэн үг. “Би ажил хийх чадваргүй амьтан шүү” гэж тавь жаран хүн нэгэн зэрэг өөрийгөө шившиглэнэ гэж байхгүй нь мэдээж. Ийм их хязгааргүй эрх мэдэл хэрхэн эдлэгдэж байна вэ? Хэдийгээр тус тусдаа үндсэн мэргэжлийн ажилдаа лут мундаг байж магадгүй ч нийгэм улс төрийн боловсрол, идэвх, хүсэл тэмүүлэл, зорилго үгүй хүмүүс УИХ-ын суудлын ихэнхийг дүүргэснээс болоод байгууллага нь бүхэлдээ ямар ч эрх олж авч чадахгүй жилийн нүүр үзлээ. Улс орон нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон тул үүнийг зохицуулж байх үй түмэн хууль хэрэгтэй байна. 1996 он гэхэд эрхийн гол хуулиудыг гаргаж дуусах ёстой хэмээн Үндсэн хуулийн хавсралтад хуульчилсан байгаа ба энэ нь адаглаад 130 хууль шинээр батлах ёстой, манай хэд одоо 14 хуультай л мацаж явна. “Олон хуулиар яах юм, ганц эрүүгийн хууль байхад л хаваасаг” гэсэн захын чавганцын ойлголттой гишүүн бүр нэг бус гээч! Тийм дээ ч бусдыгаа хадлан тарианд явъя гэж уриалаад сууж байхав.

 

Өргөн барьж буй хуулиудын аль нь гол, аль хэсэг нь чухал талаар мэддэггүй, сонирхдоггүй тул өнөөдөр аль овжин нь ямар ч санааг хуульчлуулж чадах бололцоотой. УИХ-ын гишүүний ажил бол дан хар толгойгоороо зүтгээд барахгүй хөдөлмөр. Гэхдээ хийвэл шүү дээ. Гэтэл манай гишүүд туслах авах дургүй ба үүнийгээ хөрөнгө мөнгө хэмнэж буй мэтээр бардам тайлбарладаг.

 

“Шал хоосон туслахын орон тоо байлгаад яахав, ямар цайгаа зөөлгөлтэй нь биш” хэмээн Дотоод асуудлын байнгын хороон дээр ихэнх гишүүд санал гаргаж байгаа нь туслахтай бол ашиглаж чадах тэр л хэмжээгээ хэлж буй юм, чааваас. Эрхэлж буй ажлынхаа хувьд улс орны хамгийн улстөржсөн ажил хийж буй энэ хүмүүс улстөржихгүй хууль хийнэ, би улс төрд хамаагүй гэх мэтээр байн байн улигладаг нь хожим шог хошин ярианы түүвэрт орох биз. Засгийн газрыг бүрэлдүүлээд, үүрэг. өгөөд, араас нь шалгаад, авчирч загнаад, болохгүй бол солих эрх УИХ-ын гишүүдийн хувьд “зүүдэнд ч оромгүй явдал” болой. Гүйцэтгэх засаглал бол улсын аль ч үзүүрт хүрч чаддаг хүчирхэг хэрэглэл. Чухам энэ “багажийг” гартаа барьж залснаар төрийн хууль тогтоох дээд эрхийг барьж хэрэгжүүлнэ. УИХ-ын орлогч даргатай баг төрийн яамдууд дээр байн байн очиж ажилтнуудын ирцийг биечлэн бүртгэж буй нь мөнөөх хянах ажлаа гүйцэтгэж буй нь тэр, чааваас. Гэтэл Засгийн газрын ажлын явц тайланг авч хэлэлцсэн нь үгүй. Учир нь ОУВС, инфляц, төсвийн алдагдал, дэд бүтэц гээд Жасрай гуай намуухан дуугаар яриад унахаар толгой нь эргэж орхино, харин Цэрэн ажлаасаа 15 минут хожигдсон гэвэл ойлгомжтой.

 

Ийм түвшинтэй “төрийн дээд эрх барих байгууллагыг” амаар нь шороо үмхтэл хуурах хүүхэд нохойн наадам л даа. “Төрийн дээд эрх энэ байна, май” гээд нэг нэг сандал гарт нь бариулчиж болж байгаа байхгүй юу даа. Тэд маань энэ сандлаа бүтэн жил түшээд хувь хүнийхээ хувьд амьдралаараа хохирч явна.

 

Олны төлөө амиа хайрладаггүй хүн болж харагдах гээд авдаг цалингаа Эрдэнэтийн цэвэрлэгчийнхээс багаар тогтоосон, зөвхөн өвлийн улиралд үйлчилдэг автобус дунд нь ганц, өглөө араажав эхлэхэд гарч орой дуусахад нь гэртээ ирдэг ажилтай, далбаатай тэмдэгээ зүүж л явахгүй бол хүн танихгүй таньсан ч тоохгүй, мэдээллийн хэрэгсэл байнга дарамтална, хувийн бизнес эрхлэх хуулиар хориотой. Гэтэл таньдаг мэддэг хүмүүс нь нүдэн дээр нь амьдралаа өөд татаад явдаг. Тэдний дийлэнх нь мэдэхгүй орчоод ичсэндээ гарч чадахгүй байгаа юм. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм биш, манай өнөөгийн бодит байдал энэ байна. УИХ олгогдсон эрхээ эдлэх чадваргүй учраас томилсон Засгийн газар нь байтугай өөрт нь үйлчилдэг аппарат болох тамгын газар нь шалан дээр хэвтэж байгаа эзэнгүй эрхийг шүүрэн авчээ. Өнгөрдөг наадмаар тамгын газрынхан цэнгэлдэх хүрээлэнгийн жигүүрт УИХ-ын гишүүдийг суулгаад өөрсдөө авгай хүүхэдтэйгээ төв асарт морилохын цагт л эрх мэдэл хаашаа нүүж явааг зарим нь ойлгожээ.

 

Цөстэй нэг нь энэ талаар хэрүүл уруул гаргаад ирэхийн үест тамгын газар төрийн дээд эрх баригчдыг” харж үзэн нэг нэг хямд хонь өгч байгаа ба ойрноос ордны гуанзанд мини өмссөн залуу охид хоолыг нь ширээнд нь зөөж өгч үйлчилж байна. Манай гэрийн “хаан” гэгддэг ганц охиноо хааяа дэггүйтэхэд нь алгадчихаад, уйлахаар нь өрөвдөн чихэр өгөхөд нулимастай нүдэнд нь гийдэг баярын туяаг одоо гишүүдийн нүднээс харж болно.

 

Төрийн дээд эрхийг тамгын газар авсан гэсэн үг биш, тэд зөвхөн хүний нүдэнд харагддаг ямбанаас л чангаалцсан хэрэг. Харин төрийн дээд эрх хэний гарт байна? Монархи, олигархи, ардчилсан гэсэн төрийн гурван хэлбэр байдаг тухай дээр өгүүлэхдээ дөрөв дэх байж болох хэлбэрийг хэлэхээ мартжээ. Төрийн дээд эрх хэний ч гарт байхгүй байх нэг хэлбэр бий. Үүнийг анархи гэнэ. Архичин согтуучууд хүн алж хүрээ талахыг анархи гэхгүй. Учир нь энэ бол гэмт хэрэг ба түүнд хууль үйлчилж, ял шийтгэл оногдож буй бол ямар нэг эмх замбараа байна гэсэн үг. Харин төрийн дээд эрх хэний ч гарт эс байх буюу хэн ч эс авч чадаж байх нь нийгмийг тэр чигээр нь замбараагүйтүүлдэг.

 

Ямар бүгчим юм бэ, цонхоо онгойлгооч!

 

 

Баабар

1993.10.14