12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээний зардлыг олохоор ихэр охид “Аавдаа хайртай” тоглолтыг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тодруулбал, Нийслэлийн 105 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Б.Одонзул, Б.Одончимэг нарын аав нь ясны хорт хавдартай бөгөөд Монгол Улсад 2015 оноос хойш эмчилгээгүй гэж байсан ч Турк улсаас бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн байна. 

100 хувь эмчлэгдэх зардал нь хамгийн багадаа 200-300 сая төгрөг болж байгаагаас эхний эмчилгээний төлбөр болох 60 сая төгрөгийг олохоор ийнхүү хандивын тоглолт хийхээр болжээ. 

Тоглолт нь энэ сарын 22-ны өдөр "UB palace"-д болох бөгөөд охид өөрсдийн уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлэхээс гадна уран бүтээлчид дэмжиж оролцох аж. 

Ихэр охидын ээж “Охидын маань тоглолтыг үзэх ард түмэн олон байгаа гэдэгт итгэж байгаа. Бид бүх эмчилгээний зардлыг ард түмнээсээ хоосон гуйгаад авна гэж зорилго тавиагүй. Хувийн эмнэлгүүд хагалгаа хийчихсэн учраас хүлээж авах боломжгүй гэх хариуг өгдөг. Өчнөөн өр зээл тавьж, том жижиг нийлсэн 20 гаруй хагалгаанд орлоо.

Үе суулгаад идээлсэн учир Гэмтэл согог үндэсний төв дээр гурван жил эмчилгээнд явсан ч нааштай хариу өгсөнгүй. Олон жил болчихоор тоодог эмч ч гэж  алга. Үр хүүхдээ нялх байхаас эхлээд ажил төрөлтэй болох хүртэл нь шантраагүй өдийг хүрлээ” гэв. 

Тус өрх нь есөн хүүхэдтэй бөгөөд охид өөрсдийн санаачилгаараа хандивын аян эхлүүлснээс хойш Төв аймгийн долоон сумдаар явж тоглолт хийжээ. 

зураг