Монгол Улсын Засгийн газрын Лхагва гарагийн /2023.05.17/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, "Соёлын салбарын ажилчдын дундаж цалин 760 мянга орчим байдаг. Үүнийг бусад төрийн байгууллагуудтай харьцуулахад 6-25 хувиар бага байна. Соёлын салбарын ажилтнуудтай өнгөрсөн жилийн хугацаанд 12 удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд дараах шийдвэрийг гаргалаа.

Соёлын салбарынхны цалинг энэ жилдээ багтаан боловсролын салбарын ажилчдын цалинтай дүйцүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн соёлын салбарын ажилчдын цалин хөлсний тухай шинэчлэгдсэн журам батлагдсанаар 10 орчим төрлийн урамшуулал авахаар заасан. Мөн энэ онд Сангийн яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт авах боломжийг соёлын салбарын ажилчиддаа олгож байгаа" гэлээ. 

ВИДЕО: 

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Булгантуяа төрийн алба хаагчдын цалингийн асуудлаар засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, “Төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлээс 40 хувиар бага байдаг. Бид мөн инфляцаас үүдэж жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлдэг байсан. Ингэхдээ ковидын жилүүдэд цалин нэмэх асуудал орхигдсон учир алба хаагчдын цалин баг инфляц өссөн хэвээр байна. Төрийн үйлчилгээ дотроо хамгийн баг цалинтай нь соёлын салбар байдаг. Төрийн албанаас бол цагдаагийн алба байдаг.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагын цалин хэвтээ удирдлагатай байгууллагаас баг байгаа. Энэ асуудлыг авч хэлэлцэж бид хэвтээ тогтолцоотой байгууллагуудын ажилчдын цалинг нэмсэн нь төрийн алба хаагчдын дунд ялгаварлан гадуурхалт үүсгэсэн.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг ялгаатай байна. Үүнээс үүдэж төрийн алба хаагчид ажил хаялт зарласан. Улмаар төрийн алба 20,30 хувийн ажлын байрны дутагдалтай болсон.

Иймд бид төрийн алба хаагчдын цалинг нэгтгэж тэнцүүлэх ёстой гэсэн байр суурьтай ажиллаж байна. Цаашид бид төрийн албан хаагчдын цалинг сайжруулна. Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 24 хувь нь төртэй холбоотой ажил хийдэг. Энэ нь бусад улсын хувьд их тоо. Энэ дундаа эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг бусад салбартай тэнцүүлж нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төрийн албаны байгууллагын даргын цалин ажилчдын цалин 20,30 мянган төгрөгийн цалинтай байгаа учир хариуцлага хүлээж баг цалинтай ажиллах хүн хомс болж байгаа гэхчлэн тулгамдаж буй асуудлуудыг өөрчилж, шинэчлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна" гэлээ. 

 

Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр "Хөгжлийн банк сүүлийн нэг жилд үндсэн үүрэг бүхий хөгжлийн төслийг санхүүжүүлэх ажлаа хийж чадаагүй. Харин чанаргүй зээл барагдуулах, шүүхдэх ажлыг л хийлээ. Хэдийгээр 2022 онд ашигтай ажилласан ч банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүгээр ашигтай ажиллаагүй. Алдагдсан зардлаа л төлүүллээ.  Хөгжлийн банк нь цаашид төслөө санхүүжүүлж, зээл олгохгүй бол өнөөдрийн байдлаараа удаан үргэлжлэх боломжгүй. Тиймээс энэ жилдээ Хөгжлийн банкийг хэвийн ажиллуулж, үлдсэн хүндрэлтэй асуудлаа шийдэх бөгөөд оны эцэст тэнцлийг нь дахин сайжруулж, аудит хийлгэнэ. Цаашид хөгжлийн институд болгохоор ажиллана" гэлээ.

Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан төсөвт тодотгол хийх асуудлаар тэрбээр "Тухайн жилийн орлого дутагдаж, зарлага нэмэгдвэл төсвийн тодотгол хийх хуультай. Тэгэхээр тодотгол хийх хэмжээнд төсвийн нөхцөл байдал хүндрээгүй. Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор зохицуулах зүйл бий. Учир нь өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмж чадаагүй. Тиймээс бид тооцооллыг хийж байна. Ер нь цалингийн зөрүүг арилгах шаардлага бий" гэлээ.