Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Манай улс гаалийн таван хувийн татвар дээрээ НӨАТ нэмчихдэг. Энэ нь том зургаараа эдийн засагт яаж нөлөөлдөг вэ?

-Гаалийн татвар дээр НӨАТ нэмэгдчихээр импортлогчид нийт 15.2 хувийн татвар төлж байна. Энэ нь манайх шиг хэрэглэгч улсад импортын инфляцийг өндөр болгох хөшүүрэг болчихож байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар юмны үнэ өслөө. Олон улсад инфляци ингээд нэмэгдчихээр энэ 15.2 хувийн татварыг өссөн дүнгээс аваад байгаа юм. Дээр нь төгрөгийн ханш их унасан. Нэг ам.доллар 3500 болчихлоо. Ханшийн зөрүүгээс болж импортлогч аж ахуйн нэгж маш их татвар төлж байгаа. Жишээлбэл, барилгын компани байлаа гэхэд өртгөө шингээж таарна. Тэгэхээр эцсийн хэрэглэгч асар өндөр татвар төлж байна гэсэн үг. Гааль дээр үйлдвэрлэгч татвараа төлчихнө. Дараа нь эцсийн хэрэглэгч худалдаж авахдаа НӨАТ төлнө шүү дээ. Ингээд хоёр давхар НӨАТ төлж байгаа юм. Уул уурхайн компани дээр жишээ авъя л даа. Баяжмал гаргаж байгаа компанийг НӨАТ-аас чөлөөлчихдөг. Гэхдээ тэд тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхээр НӨАТ-ын авлага үүсгээд буцааж өгдөггүй. Уг нь буцааж авах ёстой. Гэтэл экспорт дээр чинь чөлөөлчихсөн гээд өгдөггүй. Далд татвар төлөлт явагдаж л байгаа гэсэн үг.

-Татварын баазын нэлээд хувийг НӨАТ бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд татварын орлого давж биеллээ л гэдэг. Тэгэхээр гаалийн татвар дээр нэмж авдаг НӨАТ-ыг зогсоох нь зөв үү?

-Төсвийн хамгийн том бүрдүүлэгч нь НӨАТ байдаг. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл маргаантай асуудал л даа. Зарим аж ахуйн нэгж нь НӨАТ төлөгч. Зарим нь НӨАТ-ыг бүртгэлийн зорилготой гэдэг. Үндсэндээ НӨАТ-ын буцаан олголт бол далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг. Гэтэл хүмүүс НӨАТ-аас нуугдах гээд үйл ажиллагаагаа салаалуулчихсан. Энэ нь анхны зорилгоосоо гажиж, татвараас зайлсхийхэд хүргэж байна.

Дээр хэлсэнчлэн ханш өсөхөөр гаалийн болон НӨАТ-ын татвар өсчихнө шүү дээ. Энэ нь инфляциа өдөөгөөд байдаг. Манай инфляцийн ихэнх нь импортын бүтээгдэхүүний нөлөө юм. Тэгэхээр гаалиййн татвар дээр нэмж авч байгаа НӨАТ-ыг зогсоох ёстой.

-Гаалийн татвар дээр НӨАТ-ын арван хувийг нэмээд ийм өндөр татвар өгөх болохоор гааль дээр барааны үнийг буулгах, худал мэдүүлдэг гэх юм билээ. Хамгийн гол нь гааль дээрх хамаг авлигын үүр уурхай нь НӨАТ болоод байна гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Хоёр шалтгаантай. Гаалийн байцаагчид үзэмжээрээ жишиг үнэ тогтооно. Магадгүй орлогоо биелүүлэх гээд өндөр тавьж болно. Тэр нь аж ахуйн нэгжүүдэд ашиггүй. Харин таньдаг компануд дээрээ зориудаар бага татвар тавьж болно шүү дээ. Үүнийхээ төлөө хэдэн цаас авгчихдаг. Тэгэхээр улсын төсөвт орох ёстой мөнгө чинь гаалийн байцаагчийн халаас руу л орно гэсэн үг. Иймд жишиг үнэ тогтоодог утгагүй зүйлээ зогсоох хэрэгтэй. Ер нь аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авдаг нь буруу. Улстөрчид нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Арьс, шир, ноос, ноолуураа боловсруулах ёстой л гээд байдаг. Гэтэл энэ ажлыг хийе гэхээр наад зах нь боловсруулах шатанд химийн бодис орно. Тэр нь Монголд байхгүй. Тэгсэн хэрнээ өндөр НӨАТ, гаалийн татвар тавиад байхаар үйлдвэрлэл чинь яаж хөгжих юм бэ. Аль нэгэн аж ахуйн нэгж цоо шинэ хэвлэх үйлдвэр оруулж ирлээ гэхэд гаалийн нэгдсэн санд тэр машины үнэлгээ байхгүй бол хамгийн өндөр татвар тавьчихаж байгаа юм. Гэтэл тэр үйлдвэр нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, цаас, хор, тог, бага хэрэглэдэг гээд бүтээмж өндөртэй байж болно шүү дээ. Харамсалтай нь тэр бүгдийг харгалзаж үзэхгүй татвараар "торгож" шийтгээд байна.

-Гаалийн байцаагчид өөрсдийнхөө үзэмжээр татвар авдаг гэсэн хэл ам олон. Саяхан нэгэн иргэн энэ тухай жиргэхдээ 15 мянган ам.доллараар авсан машиныг нь гаалийн сүлжээн дэх жишиг үнээр 33 мянган ам.доллараар үнэлнэ гэжээ. Энэ нь манай гаалийн татварын системийн алдаатай бодлого гэж үзэж болох уу. Олон улсад ер нь ямар байдаг юм бэ?

-Монголд огт үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд жишиг үнийг зориуд тавьдаг. Авсан үнээс нь илүү өндөр үнэ тавьж байгаад 15 хувийн татвараа нэмээд авчихдаг. Энэ бол шийтгэл шүү дээ. Тэгэхээр яаж аж үйлдвэрээ хөгжүүлэх шинэ сэргэлт нь явах юм бэ. Одоо манай үйлдвэрүүд өмнөд Монголд юм уу, Англид байгаа үйлдвэрүүдтэй өрсөлдөж байна. Тэд тоног төхөөрөмжөө дотоодынхоо үйлдвэрээс авна. НӨАТ-аа буцаагаад авдаг гэсэн үг. Ийм том давуу тал тэдэнд байна. Харин манайх гаднаас импортолж байгаа болохоор НӨАТ-аа төлчихөөд тэрийгээ буцааж авна гэсэн ойлголт байдаггүй. Манай үйлдвэрлэгчид хилийн цаана байгаа өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад 15.2 хувийн торгууль төлөөд байгаа юм. Монголд хөрөнгө оруулсныхаа төлөө ингэж торгууль төлөөд байхаар яаж үйлдвэрлэл бий болох юм бэ. Дээрээс нь НДШ гэж том дарамт байна. Ажилтан, ажил олгогч нийлээд 20 гаруй хувийн татвар төлдөг. Ингээд харахаар НӨАТ 10 хувь, гаалийн татвар таван хувь, орлогын албан татвар нэмэгдээд татварын ачаалал бараг 60 хувь болчихоод байгаа юм. Манайх шууд харахаар татварын хувь хэмжээ бага юм шиг мөртлөө нийт давхацсан ачааллыг нь тооцохоор өндөр. Дэлхийд хоёрдугаарт орно. Уул уурхай бол бүр ч өндөр татвар төлдөг. Зардал ямар байх нь хамаагүй борлуулалтын орлогоос нь шууд рояалти авч байна. Гэтэл бусад улсууд ашгаас нь 4-5 хувийн рояалти авдаг. Манайх борлуулалтаас нь шууд авчихдаг болохоор ачаалал нь хэт өндөр байгаа юм. Бараг ашгийн татварын 20 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр тухайн компанидаа ашиг үлдэхгүй болчихоод байгаа хэрэг. Ашиг байхгүй болохоор улсууд хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт хийхгүй бол ажлын байр бий болохгүй. Тэгэхээр манайд ажлын байрыг, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн хүмүүсийг торгосон, шийтгэсэн бодлого хэрэгждэг. Дээр нь Монголд банкны хүү ямар өндөр билээ. Барьцаа ямар их байдаг билээ. Тэгэхээр чинь Монголд үйлдвэрлэгчдийг боомилсон бодлого явж байгаа биз дээ.

-Дэлхийн улс орнуудын төсөвт гаалийн татвар 2-3 хувийг эзэлдэг юм байна. Харин манайд эсрэгээрээ 30-50 хувийг бүрдүүлдэг. Энэ нь төр иргэдээ, бизнесийнхнээ тонож байгаагийн тод жишээ мөн үү?

-Дэлхий дээр бүх татвар нь нийлээд дунджаар арав орчим хувь л байдаг юм байна. Манайх шиг үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа зарим оронд татвар тэг хувьтай байдаг. Ойрын жишээ гэвэл, Казахстан. Тэд яагаад хурдан үйлдвэржээд байна вэ гэвэл төслийн явцад нь хөрөнгө оруулагчдыг НӨАТ-аас чөлөөлчихөж байгаа юм. Тэгэхээр энэ улс руу хөрөнгө оруулагчид урсахгүй гээд яахав. Тэнд үйлдвэр бий болж, ажлын байр нэмэгдэж байна. Харин манайх хөлөө олсон хэдхэн том компаниуд мөлжөөд л, тэднийгээ унагаад л байдаг. Бусдыг нь томруулахгүйгээр бага дээр нь нам дарчихдаг. Жишээлбэл, Герман юм уу Японд нийт татварын баазын 80 хувь нь жижиг, дунд үйлдвэр байдаг. Харин манайд эсрэгээрээ 4-5-хан компани бүрдүүлж байна. Энэ бол тогтолцооны гажуудал. Өөрөөр хэлбэл, татварын тогтолцоо гажигтай байна гэсэн үг. Ямар ч эдийн засаг өсөхийн тулд бүтээмж өндөр байх ёстой. Ингэхдээ өндөр технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн орж ирэх нь чухал. Гэтэл манайх яг үүн дээр өндөр татвар тогтоочихдог. Яагаад гэвэл жишиг бараа байхгүй учраас санаанаасаа өндөр тавьчихдаг. Ер нь аж үйлдвэржсэн улсуудыг харахад эхэндээ үйлдвэрүүдээ хамгаалах нь зөв. Гэхдээ хамгаалж байна гээд алж болохгүй шүү дээ. “Монос”-ыг хамгаалах гэж байна гээд бусад жижиг эмийн сангуудыг хохироогоод байж болохгүйтэй ижил. Тэгэхээр НӨАТ чинь монопольчуудад ашигтай. Жижиг дундуудад ашиггүй болчихож байгаа юм.

Манайх нээлттэй эдийн засагтай орон. Аж үйлдвэржсэн орон биш. Аль болох худалдааг чөлөөтэй байлгаснаар өртөг зардлыг бууруулж чадна. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого гэж байдаг л даа. Ингэхийн тулд импортын татварыг өндөр тавьдаг зүйл бий. Энэ нь нөгөө талд хэрэглэгчдэд очихоороо өндөр үнэтэй хүрнэ. Хоёрдугаарт, буцаад өрсөлдөх чадваргүй болчихдог. Ер нь үндэсний үйлдвэрлэгчид нутаг дэвсгэр дээрээ байгаа юм чнь давуу талаа ашиглах ёстой. Тээврийн зардал нь бага. Хэрэглэгчдийнхээ зан төлөвийг илүү мэддэг болохоор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү гарах ёстой. Германыг хар л даа. Америк, Япон, Францын машинуудыг чөлөөтэй оруулаад л байгаа биз дээ. Герман өөрөө автомашины эх орон мөртлөө “Tesla”-г урьж оруулж ирээд үйлдвэр бариулж байна. Эхэндээ татварын хөнгөлөлт үзүүлж байх жишээний. Тус улс асар их борлуулалттай, өрсөлдөөн ихтэй мөртлөө “Бенз”-ийг хамгаалъя гээд өндөр татвар тавихгүй байна. Харин ч гадныхныг урьж оруулж ирээд өрсөлдөөн бий болгож байна. Ингэснээр өрсөлдөх чадвар сайжирч, үнэ хямд болно. Гэтэл манайх үндэсний үйлдвэрүүддээ монополь эрх өгчихдөг. Нөгөөдүүл нь өрсөлдөх чадвар муутай, өндөр үнэтэй байдаг. Энэ нь инфляциа өсгөдөг.

-НӨАТ бол анх гарч ирэхдээ далд эдийн засгийг ил болгох том хөшүүрэг гэж байсан. Ер нь НӨАТ-ыг иргэддээ бүтнээр нь буцаагаад өгчихвөл эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Татварын орлого нэмэгдээд байна гэдэг чинь НӨАТ өсөөд байна гэсэн үг. Энэ бол худлаа хөөс л дөө. Өнгөрсөн жил талх 1000 гаруй төгрөгийн үнэтэй байсан. Одоо 2000 төгрөг давчихсан. Тэгэхэд ноднин талхаа авахдаа 100 төгрөгийн НӨАТ төлдөг байсан бол одоо 200 төгрөгийн НӨАТ төлж бана. Энэ нь бодитой өсөлт биш, хөөс яваад байгаа гэсэн үг.

НӨАТ-ыг иргэдэд бүрэн буцааж өгч болно. Ингэвэл эдийн засагт асар том түлхэц болно. Ядаж, эдийн засгаа 20-30 хувиар өсгөнө. Харин улстөрчдөд ашиггүй. Тойргийнхоо усалгааг хийж чадахгүй. Сонгуулийнхаа худлаа амлалтыг хийж биелүүлж чадахгүй, андлалын хөшөө, энэ олон усан оргилууруудаа барьж чадахгүй. Тэгэхээр НӨАТ-ыг бүрэн буцааж өгөх нь улстөрчдөд ашиггүй. Харин ард түмэнд ашигтай. Том зургаараа эдийн засагтаа өгөөжтэй. Одоо нүүрсний экспорт өндөр байна. Бүтэн жилд экспортолдог байсан нүүрсээ гуравхан сарын дотор зарчихаж байгаа болохоор эдийн засаг өсөлттэй харагдаад байгаа юм. Ихэнх нь өрөндөө явна. Хөрсөн дээрээ хүмүүсийн амьдрал муу байна. орлоготой хэсэг нь дундаж давхарга руугаа унаж байна. Эмэгтэйчүүдийн 50 хувь нь хөдөлмөр эрхлэхгүй байна. Жижиглэнгийн борлуулалтын орлого муу байна. Малын хорогдол их байна. Уул уурхай, тээврийн салбар уналттай байна. Бодит байдал дээр эдийн засгийн ноён нуруу хүндхэн байгаа. Монголд хүний бүтээмж унаад байна. Энэ бол тун аюултай үзэгдэл. Бүтээмж өсч байж эдийн засаг чинь урт хугацаанд тогтвортой, органикаараа амьд өснө. Зүгээр л хөөсөн, дансны өсөлт хийгээд, бие биенийгээ хуураад яваад байж болохгүй.