Г.Дашням: Түрээсийн скүүтерийг хулгайлж машиндаа хийх, хашаандаа оруулж тавих зэрэг үйлдэл гарч байна
2023/05/29
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас эхэлж, нийслэлийн тодорхой цэгүүдэд түрээсийн скүүтер байршуулж эхэлсэн байна.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор "Ninebot" брэндийн 3,000 скүүтер худалдан авч, эхний ээлжид 700-г нь туршилтаар явуулахаар шийдсэн. Гэвч сүүлийн 24 цагийн дотор 10 гаруй скүүтер хулгайд алдагдлаа. Иймээс тусгай байршил тогтоогч GPS-ийн тусламжтайгаар олж, цагдаагийн байгууллагад хандах, хариуцлага тооцох арга хэмжээ авч байгааг “Jet sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашням хэллээ.
Түрээсийн скүүтерийн үйлчилгээний талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна.
-Нийслэлийн тодорхой цэгүүдэд 700 скүүтерийг туршилтаар явуулж байгаа ч хулгайлах, GPS буюу дохио илрүүлэгчийг нь салгахыг оролдох үйлдэл хэд хэдэн удаа гарсан гэв үү?
-Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт туршилтаар 100 скүүтер гаргасан. Улмаар амралтын өдрөөс эхэлж 700 скүүтер нэмэлтээр байршуулсан. Одоогоор туршилт үргэлжилж байгаа.
Бүх скүүтерээ гаргахад бэлэн байгаа ч хулгайлах асуудал гарч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бараг 10 гаруй скүүтер хулгайлагдсан талаар дээр дурдсан.
-GPS-ийг нь салгах тохиолдол ч гарсан гэсэн үү?
-Хулгайд алдагдсан скүүтерийн ихэнх нь гэр хорооллоос олдсон. Бүр хашаандаа, гэртээ оруулаад тавьчихсан тохиолдол ч гарлаа.
Тэр скүүтерээс GPS-ийг нь салгаад эвдэлсэн тохиолдолд дахин өөр юунд ч ашиглаж чадахгүй, хувьдаа унах боломжгүй. Сэлбэг болгож хэрэглэж ч чадахгүй. Танай гэрт нэмэлт хог л болно. Үүнийг ойлгоосой.
Зарим хүн түрээсийн скүүтерийг хулгайлж, өөрчлөлт хийгээд хувьдаа уначих юм шиг бодож байна. Огт боломжгүй. Зөвхөн манай аппликэйшнээр ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү скүүтер нь жижиг тоноглолуудтай бөгөөд тусгай зориулалтаар программчлагдсан.
-Дөнгөж нэг өдрийн дотор 10 хулгай гарсан гэж та хэллээ. Хамгийн гол нь олон нийтийн үйлчилгээнд хандах хандлагаа өөрчлөх нь зүйтэй байх.
-Хулгай гарвал тэр даруй цагдаагийн байгууллагад хандах, хариуцлага тооцох арга хэмжээг авч байгаа. Хулгайтай сайн дураар тэмцэж байгаа хүн ч байна.
Жишээлбэл, нэг иргэн скүүтер хулгайлж, машиндаа хийх гэж байсан үйлдлийг илрүүлсэн. Энэ хулгайн хэргийг хажуугаар нь өнгөрч явсан залуус зогсоож, мэдээлсэн. Ингэж хулгайтай тэмцдэг хүмүүс их байгаасай.
3,000 скүүтерийг би хувьдаа хэрэглэх гэж аваагүй. Улаанбаатарын иргэд түгжрэл сааталгүй явж, тухайн өдрийн ажлаа амжуулаасай гэж хүсэж байна. Нийслэл хотын түгжрэл хүн болгоны толгойн өвчин, зовлон болсон цаг шүү дээ.
-Энэхүү скүүтерийг хэрэглэхэд хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Нэг минутын 200 төгрөг. Би өчигдөр цэцэрлэгт хүрээлэнгээс хүүхдийн 100 хүртэл скүүтерээр явлаа. Тэр аялалд 5,900 төгрөг зарцуулсан. Зарим хүмүүс үнэтэй байна гэж шүүмж хэлж байна. Гэхдээ бүр илүү яаж хямдруулахыг мэдэхгүй байна. Энэ үйлчилгээг хэрэгжүүлэхэд 30 хүний цалин өгч байна.
Түүнчлэн 3,000 скүүтер цэнэглэхэд хэчнээн төгрөгийн тог цахилгааны зардал гарах вэ гэдгийг мэдэхгүй байх шиг байна. Зүгээр л бэлэн болчихдог зүйл биш.
Бид аль болох ашгийг төлөө бус, хүн болгоныг хямдхан хэрэглээсэй. Ажил, амьдралаа хурдан зохицуулаасай гэж бодож сэтгэл гаргаж байгаа юм шүү.
Манайх саяхан "Jet sharing Mongolia" пэйж нээсэн. Энэ цахим хаягаар ороод бүх мэдээлэлтэй танилцаж болно. Мөн манай аппликэйшнийг татахад тодорхой мэдээллүүд ч байгаа.
-Цэнэг нь дууссан тохиолдолд хэрхэн яаж цэнэглэх вэ?
-Цэнэглэх хэд хэдэн станцтай. Цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай, Их дэлгүүр, Цирк болон бусад хотхоны гадна талбайд гэх мэтчилэн олон цэг бий.
Хэрэглэгчид хотын төвөөр чөлөөтэй унаж болно. Манай тээврийн баг шөнийн 00:00 цагаас ажилдаа гарч, скүүтерийг GPS-ээр нь тогтоогоод олдог. Мэдээж нэг нэгээр нь цуглуулахад шөнөжин ажил болно. Улмаар цуглуулсан скүүтерүүдээ шөнөжин цэцэглэж байгаад үүрийн 05:00, 06:00 цагт байх ёстой газарт нь угааж, цэвэрлээд буцааж тавьдаг.
-Хулгайтай тэмцэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайх ямар 40, 50 сая хүн амтай улс биш. Нийслэлд 1.5 сая хүн ам оршин сууж байна. Иймд цахимаар хангалттай мэдээлэл өгөхөд ард иргэд маань ойлгох болов уу. Бүх скүүтер дотор G-Mobile-ийн сим карт байршуулсан. Тиймээс датагаар мэдээллээ солилцоно.
-Скүүтерийн нэг бүрийн үнэ нь хэдэн төгрөг вэ?
-Энэхүү скүүтер нь "Ninebot" брэндийнх бөгөөд нэг скүүтер тээвэртэйгээ нийлээд 1,000 ам.доллар болж байгаа.
Мөн үйлчилгээний үнэ тариф боломжийн. Манайхан бүү хулгайлаасай, соёлтой хэрэглээсэй. Бидний энэ үйлчилгээг дэмжээд байрлуулах ёстой газарт нь тавиад явбал цуглуулахад ч амар болно.
"Ninebot" брэндийн энэ скүүтер хамгийн багадаа 3-4 жил явах боломжтой. Бороо орсны дараа гүнзгий устай газар явахгүй байвал зүгээр. Энэ мэтчилэн мессэжийг иргэдэд аль чадахаараа түгээж байгаа. Бүгдээрээ хамтдаа гамтай, хариуцлагатай хэрэглэж, бие биедээ тус дэм болж явбал сайн байна.
Зочин · 2023/05/29
muuhai mongolchuudaa gej