Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж, хүчирхийлүүлсэн мэдээллийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

“Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарлаа. Энэ нь нэг сүм хийдтэй холбоотой, нэг хоёр тохиолдол биш. Үүнд нухацтай хандах шаардлага үүслээ. Бусад сургуульд бол сонголт байдаг. Харин шашны сургуульд сонголт байдаггүй учраас маш их хэрэг, хүчирхийллийн асуудал нуун дарагдсан байдалтай байгаа. Тиймээс үүнийг нэг тохиолдол гэж авч үзэхгүйгээр нухацтай хандах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага мөрдөх ажиллагааг сайн явуулаад таслан зогсоох ёстой. Бидэнд хүнлэг энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр асуудал тул аян өрнүүлэхээр боллоо" хэмээн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээллийн эхэнд хэллээ.

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС “МӨРИЙГ МӨШГӨЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАВ

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Мөрийг мөшгөе” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх шийдвэр гаргасан. Лам нартай холбоотой хүчирхийллийн асуудлууд их яригддаг. Тэгсэн мөртлөө яагаад ч юм дарагдчихдаг. Саяны жишээ ил болсон тул хууль хяналтын байгууллага үнэн, шударга тогтоох хүртэл хамтдаа байна. Мөн цаашид ийм үйлдэл давтагдахгүй байх үүднээс энэ хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та бүхнийг энэ бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн итгэл найдварыг ийм бузар хэргээр гутаан доромжилж байгаад харамсаж байна. Лам нар 2016 онд ч тэр 2022 онд 15 настай охиныг засал хийнэ гэж байгаад хүчиндчихсэн шүү дээ” гэв.

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн хуульч, өмгөөлөгч Р.Оюун-Эрдэнэ “Нийгэмд хөндөгдөж байгаа энэ асуудал үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Монголчууд бид хүүхдийнхээ эрхийг яаж хамгаалж байгаа вэ гэдэгт дүгнэлт хийх үйл явдлууд олон болж байгаа. 

Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд бол шашны байгууллага буюу нийгмийг хөдөлгөгч, хүмүүжүүлэгч, үлгэрлэгч байх салбарт хүүхдийн хүчирхийллийн асуудал ярьж байгаа нь Монголын нийгмийн ялзрал, доройтол ямар байдалд хүрснийг харуулж байна.

2022 оны байдлаар манай улсад 346 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс шашны сургуульд шавилан сууж байгаа 244 сурагч байна. Албан ёсны хурлын ламын тоо 1,500 гэсэн статистик байна.

ХЭҮК жил бүр шашны байгууллагад очиж шалгалт хийдэг. Гэхдээ дотуур байранд нь энэ шалгалт явагддаггүй. Тэгэхээр бид бодлогын түвшинд шалгалт оруулаад цаашид ямар нөхцөл байдалтайгаар асуудлыг шийдэхээ тодорхойлох хэрэгтэй” гэлээ.