Улаанбаатар хотод жил бүрийн өдийд улиасны унгирал хийсэж, харшил сэдрээдэг. 

Улиас модны үр хаях хугацаа 14-20 хоног үргэлжилдэг. Өнөөдрөөс эхлэн эрчимтэй үе нь эхэлж байгаа бөгөөд даралттай усаар шүршиж багасгах нь хамгийн үр дүнтэй арга.

Унгирал нь шатамхай шинж чанартай учраас гал алдах аюултай. Тиймээс шатааж болохгүй гэдгийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар хэллээ. 

Түүнээс үргэлжлүүлэн тодруулахад "Улиас модны унгирлыг багасгахад нийслэлийн Хот тохижилтын газар болон Захирагчийн ажлын албанаас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. 

Үр хаяж байгаа үед нь даралттай усаар шүрших ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил тодорхой байршлуудад ажиллаж, улиасанд тариа тарьж байсан. Энэ жишгийг олон улсад түгээмэл ашигладаг. 

Гэхдээ үр хаях үед нь нийслэлийн бүх улиасанд тариа хийнэ гэвэл зардал их гарна. Энэ зардал нь төсөвт тусгагдаагүй. Энэ жил улиас модонд тариа хийх талаарх шийдвэр гараагүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн шийдэл, чиглэл манайд ирээгүй.

Улиас модны унгирлыг багасах олон арга бий. Модыг хэлбэржүүлэх, үүрийг нь огтлох, усаар шүрших гэх мэтчилэн.

Хамгийн гол нь иргэн, ААН-үүдийн оролцоо чухал. Ажил, гэрийнхээ гадна талбайн улиас модны унгирлыг даралттай усаар шүрших нь боломжит хувилбар. 

ААН-үүд, тэр тусмаа СӨХ-дын өмнөх талбайд арчилгаа, тордлогоо байхгүйгээс их хэмжээний үр гараад байгаа асуудал бий" гэлээ. 

Мөн "Дээр хэлсэнчлэн улиасны унгирлыг шатаах нь буруу. Бөөгнүүлж хогийн цэг рүү ачуулах арга хэмжээг авах нь зүйтэй. Иргэн, аж ахуйн нэгжийн харьяа талбай арчилгаагүй байдаг учраас бөөгнөрөх асуудал бий. Гадна байгаа модоо арчилж, тордоогүй учраас илүүтэй гардаг.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаас харьцангуй бага гарч байна. Том мөчир, салаануудыг хэлбэржүүлэх буюу шингэлж, цөөлөх алхам хийх ёстой. Энэ мэтчтилэн арчилгаа алдагдаж буй учраас илүүтэй их үр хаяж байна гэж хэлж болно.

Улиасны унгирал харшилд нөлөөлдөг эсэхийг мэргэжлийн хүн биш учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ унгирал шууд харшил үүсгэдэг гэсэн албан ёсны дүгнэлт хараагүй" хэмээв. 

Салхитай өдөр эсвэл ширүүн бороо орсны дараа унгирал хийсэх нь зогсчихдог. Харин салхи тогтуун, халуун өдрүүдэд унгирал илүү гарч байх шиг байна. Ширүүн бороо орсны дараа маш хурдацтайгаар унаад дуусдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд аль болох даралттай усаар улиас модоо шүршвэл илүү үр дүнтэйг зөвлөлөө.