Сүүлийн үед олны анхаарлыг татаж, багагүй бухимдал, хэрүүл тэмцэл дагуулаад байсан Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй зарлаж байна.

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан байна.

Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангахгүй гэж үзсэн учир хасагдан өнөөдөр 100 хүүхэд Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтад оролцож байгаа юм.

Суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон өнөөдрийн суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлэгдэж эхний 50 шалгуулагч дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийн эрхээ авна. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримталжээ.