Пригожиний марш хойд хөршийг ёроолдоо хүртэл унасныг харуулав
2023/06/28
Оросын “Вагнер” хөлсний цэргийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин олон мянган цэргүүдээ зэвсэглэн агсаж өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Ростов хотын цэргийн өмнөд тойргийн байрыг хяналтдаа авсан явдал дэлхий нийтийн анхаарлыг татлаа.
Пригожин үргэлжлүүлэн цэргийн хүчээ Москва руу залснаар ОХУ даяар онцгой байдалд шилжиж, Украин дахь армиа эргүүлэн татаж, олон нийтийн хөдөлгөөнийг хорин Улаан талбай тэргүүтэй гол объектуудаа хамгаалалтад авах зэргээр дайны нөхцөл байдалд хойд хөрш шилжсэн юм.
Хөрш улстайгаа дайнтай, төв нийслэл рүү нь олон мянган цэргийн хүч дайран ирж буй үйл явцыг дэлхийн төв хэвлэлүүд ээлж дараалан мэдээлж байхад Путины бодлогыг дэмжигч манай зарим иргэд сошиал сүлжээнд Орост юу ч болоогүй, тайван амгалан байна гэж цуурч харагдсан нь сонирхолтой. Үнэндээ хойд хөршид ганц өдрийн дотор өрнөсөн энэ үйл явдлаас ОХУ, түүний удирдагч В.Путин ямар хүнд нөхцөл байдалтай байгааг дэлхий нийтээрээ харлаа.
В.Путины эзэнт гүрэн үгүйрэн хоосорчээ. Материаллаг хийгээд оюун санааны хувьд аль аль нь нөөцгүй болсныг хүн төрөлхтөн харж байна. Москваг чиглэсэн Пригожиний цэргүүдийн сургаар Путин сөргүүлэн зогсоох цэрэг армигүй, зэвсэг техникгүй гэдгээ баталж, хот руу орох төв замууддаа элс ачсан хүнд даацын машинуудаар эгнүүлэн хаалаа. Түүгээр зогсохгүй том замуудаа эвдэж сүйдлэн, дайсны цэргийн техник явах боломжийг хаах гэж оролдов. Зөвхөн төв талбайгаа, Кремлийн ордноо тойруулан цэргийн хамгаалалт авч харагдав. Орос гүрэн, аугаа удирдагч хэмээн бидний зарим монголчуудын тахин шүтдэг, одоо ч цээжээрээ хамгаалсаар байдаг тэр том гүрэн нэг компанийн хөлсний цэргүүдийн өмнө санаанд оромгүйгээр хүчин мөхөсдөв. Ялангуяа төв замаа том техникээр эвдэж, элстэй машинаар зам хааж буй үйлдлүүд нь дайны түүхэнд ялагдал хүлээж буй тал амиа аврахын тулд сүүлчийн аргаа хэрэглэж байгаа мэт харагдах нь цочирдмоор аж. Батлан хамгаалах бодлогогүй болсон Путин амиа бодон зугтаахад бэлэн байна хэмээн олон улсын шинжээчид бичиж эхэлсэн. Зугтаасан ч байж болзошгүй гэж тэдний зарим нь үзэж байна.
Энэ үйл явдлын эцэст Оросын ард түмэн Путинаас илүү Пригожинийг дэмжсээр байна. Пригожин болон түүний цэргүүд Ростов хотын цэргийн гол байгууламжийг эзлээд хотоос гарахаар бэлтгэж байх үед оршин суугчид Вагнерын босстой гар барин, дэмжиж буйгаа илэрхийлж байгаа дүрс бичлэг CNN-ээр цацагдсанаас харж болохоор юм. Пирогожинийг дэмжиж байгаа нь тэр сайн гэсэн ойлголт бол биш. Оросууд аль хүчтэйг нь л дагадаг ард түмэн. Тэр ч утгаар Пригожин Путинээс хүчирхэг байна гэсэн үг шүү дээ.
Үүнийг баталж, олон улсын улс төр, цэргийн шинжээч ажиглагчид “Вагнерын бослого бол удаан хугацаанд дарагдсан эсэргүүцлийн илрэл. Путины сул талыг харуулж байна” дүгнэж байна. АНУ-д төвтэй Маккейн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эвелин Фаркас “Путин сул дорой болсон нь илт байна” гэж олон улсад зарлачихлаа. Түүгээр зогсохгүй Оросын армийн чадавх суларч, ялангуяа шуурхай нэгдмэл стратеги байхгүй байгаа нь бослогод хэрхэн хариу үйлдэл үзүүлснээс харагдлаа гэж дүгнэх мэргэжилтнүүд ч байна. Товчхондоо Пригожиний марш хойд хөрш ОХУ-ыг ёроолдоо хүртэл унасныг харуулсан том үйл явдал байлаа.
Путин дэлхийгээс тасарсан, олон улсын харилцаа, мэдээллээс хэт холдсон, хайрцаглагдсан гэж сүүлийн жилүүдэд дүгнэж ирсэн. Тэр ч үнэн байж, манай хойд хөрш ОХУ дэлхийн хамгийн том Хойд Солонгос болжээ. Путины эзлэн түрэмгийлэл, Украинд эхлүүлсэн дайны сэдлийг дэлхийн олон улс орнуудаас Умард Солонгос л дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч тэр дэлхий нийтээрээ Путины нөхцөл байдлыг бодитоор үнэлэлт дүгнэлт хийж байхад “Вагнер”-ын хөлсний цэргүүдийн бослогын хариу арга хэмжээний ямар ч шийдвэрийг тууштай дэмжинэ гэж Хойд Солонгос ганцаараа мэдэгдээд байна. Гэтэл ОХУ-ын хоёр дахь дэмжигч улс нь Монгол Улс, тэр дундаа МАН-ын гурван том дарга л дэмждэг болох нь онцгойрон ялгарлаа. Дайн тулаантай, дээр нь зэвсэгт мөргөлдөөнтэй Орос улсад Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй том бүрэлдэхүүн саяхны өдрүүдэд айлчлал хийж, том асуудлууд шийдвэрлүүлж чадлаа хэмээн ихэд сэтгэл хангалуун зарлацгаах нь хачирхалтай.
Гэвч үнэн хэрэг дээрээ тэр том амлалтууд нь биелэхгүй байх магадлал тун өндөр юм. Орост дараагийн нэг Пригожин марш гээчээ хийхэд юу болохыг хэн ч тааварлашгүй. Пригожин хийж болж байгаа юм чинь би яагаад болохгүй байх билээ гэж армитай болгон нь бодох байлгүй. Хувийн хориод арми байгаа гэж хэвлэл мэдээллээр зарлаад байгаа нь үнэн бол энэ үргэлжилнэ гэсэн үг юм. Лавтай бат бөх Орос гүрэн байх баталгаа тун бага бололтой. Тиймээс Монгол Улс одоо геополитикийн бодлогоо эргэж харж, шинэчлэх ёстой боллоо. Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүнүүд болох шатахуун, эрчим хүчний эх үүсвэр болдог энэ улсад нэг өглөө бослого, мөргөлдөөн үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тэр цагт оросуудын өгсөн амлалт, гэрээ хэлэлцээр лөөлөө болно шүү дээ. Шатахуун, эрчим хүчээрээ бүрэн хараат бидний хувьд нэг л өглөө тэг зогсолт хийж болзошгүй.
Ийм л учраас шатахууныг гэхэд өөр улс орнуудаас импортлох гарц хайх, түүнийгээ нэн яаралтай ажил хэрэг болгох, дотоодын үйлдвэрийг ашиглалтад орохыг эрчимжүүлэх амин чухал ажлууд өнөөдрийн эрх баригчдын ширээн дээр шийдлээ нэхэж байх учиртай. Нөөцөөсөө давсан нефтийн үйлдвэр эхлүүлж, эдийн засгийн дарамтад орж хэзээ ашиглалтад оруулахаа мэдэхгүй сууснаас нефть нэрэх жижиг үйлдвэрүүд барьчих нь цаг хугацаа, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж эдийн засагчид анхааруулсаар байна.
Зөвхөн шатахуунаар тогтохгүй эрчим хүч гэдэг асар том хөгжлийн тулгуур ганц улсаас хамааралтай. Тэр нь өнөөдрийн дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнтэй улс хойд хөрш. Бид ийм улсад тусгаар тогтносон улс орны стратегийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг хариуцуулаад санаа амар сууж огт болохгүй. Ялангуяа тун удахгүй монголчуудын бүтэн жилийн хүнсний хэрэгцээг хангах ургац хураалтын цаг эхлэх гэж буй энэ үед цаг минуттай уралдан өөр шийдлүүд эрэлхийлж, ажил болгомоор байна. Дээр нь дарангуйлагч дэглэм ямар хэврэг байдагын тод илрэл энэ марш хэмээх ойлгомжгүй зүйл харууллаа. Ард түмнээсээ тасрах, ард түмнээ үл сонсох нь тэр дарангуйлагчаас гадна улс орондоо ямар гай зовлон авч ирж болзошгүйг мэдрүүлсэн зүйл боллоо. Одоо бүх зүйл өнгөрсөн хойно яаж ч жүжиг байсан юм инженерчлэл байхгүй юу гэж яриад хүн үнэмшимгүй. Ард түмэнд ч нэг хүнийг тахин шүтэх нэг намыг толгой дээрээ залах ямар хор уршигтайг харуулсан зүйл боллоо. Монголын эрх баригчид хүчтэй удирдагчтай ард түмэн яаж жаргадгийг Оросоос хар гэж тархи угаадаг нь худал гэдэг нь илчлэгдлээ. Зэвсэглэсэн армиуд хоорондоо тэмцэлдэх нь улс орны хувьд гамшиг гэхээс өөр зүйл биш. Эзэнт гүрнүүдийг гаднаас нь биш дотроос нь унагадаг гэсэн түүхийн сургамж биеллээ олоход их ойртсон зүйл болоод өнгөрөв. Үүний үр дүн улс орны хувь заяанд цаашид хэрхэн нөлөөлөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Лав л сайнаар нөлөөлөхгүй гэдэг нь маргаангүй юм.
Б.ЭНХЗАЯА
Ж · 2023/06/28
Орсын арми вагнер бүлгийг дийлэхгүйдээ биш маш олон энгийн хүмүүс хохирох болсон учир зөв шийд гаргаж чадсан
Зочин · 2023/06/28
Юуч болоогүй орос харин нэгдэж чаддагаа харуулав бүү горьд мөрөөд за