Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн, анд нөхөд нь мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Бидний хүү, нөхөр, ах, найз Г.Ганжаргал амиа алдсан хэрэг 2022 оны 7-р сарын 8-наас 9-нд шилжих шөнө Архангай аймагт болсон.Энэ хэргийн араас бид эцсийг нь хүртэл явж байна. Эргэлзээтэй зүйл их байна. Хуулийн байгууллагуудын ажлаа хийж байгаа байдал биднийг эргэлзэхэд хүргэж байна. Талийгаачийг өндрөөс унасан гэж дуудлага өгсөн мөртлөө харсан хүн байхгүй. Яагаад 3 цагийн дараа оюутнуудад нь хэлсэн бэ? Яагаад анхнаасаа шууд өндрөөс унасан гэж дүгнэлт хийсэн бэ? гэх мэт эргэлзээ байна. Дуудлагаар очсон 5 мөрдөгч ажлаа маш дутуу хийсэн. Гарын хээний бэхжүүлэлтийг муу хийсэн. Өрөөнд байсан хурууны хээ хэнийх вэ? гэдгийг ч тогтоогоогүй.  Амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр тодоос тод байхад нэмэлт шинжилгээ хийгээгүй, дутуу хийсэн. Талийгаачийн хувцсанд шинжилгээ хийгээгүй, өмсөж байсан хувцаснуудыг нь торонд боогоод л бидэнд шууд өгчихсөн.

 

 

Талийгаачийг доош харсан байдалтай хэвтэж байсныг нь хараад тагт онгорхой байсныг нь хараад л өндрөөс унасан гэж дүгнэсэн. Өөр ямар ч үзлэг, шалгалт хийгээгүй. Маш дутуу ажилласан. Үзлэг л дутуу хийсэн бол хэргийг дутуу л шийддэг юм байна.

 

Бид нарыг очиход хэрэг болсон газрын ойролцоо дорцоов маягийн зүйл байсан. Гэтэл үүнийг эд мөрийн баримт болгож аваагүй. Ингэж хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн таван мөрдөн байцаагчийг бид АТГ-т шалгуулахаар өгсөн. Энэ хэргийг чимээгүй хаах сонирхол тэр хүмүүст байсан гэж бид хардаж байна. Өндрөөс унах туршилтыг хийх саналыг бид маш олон удаа тавьж байж хийхээр болсон. Яг хийх үедээ бид нарыг оруулаагүй, хамгаалалт гаргасан.  Тэгээд лайв хийнэ гэж байж эгчийг маань оруулсан. Үхсэний хохь, амьдын зол болно гэж ярьдаг. Гэхдээ бид амьдарна. Бид үнэн мөнийг нь олж байж цаашдаа амьдармаар байна. " гэв.

 

Талийгаачийн гэргий мөн: " Гурав дахь удаа задлан шинжилгээ хийх гэж байна. Ингэхдээ би бүх чиглэлийн эмч нарыг оруулахыг хүсэж байгаа. Гавлын яс нь ярагдсан, хоёр хуваагдсан байсан. Гэтэл унасан газар нь зөөлөн газар байсан. Яаж 11 метрээс унахад гавал тархинд нь ийм гэмтэл үүсч байгаа юм бэ? Тэгсэн мөртлөө дотор эрхтэн нь гэмтээгүй. Хүзүүнд нь эрээн толбо байсан. Боолт хийсэн юм биш үү? гэхэд цагдаа нар үгүй ээ, нэдрээд уначихсан юм гээд байсан. Цээж нь зулгарсан байсан. Яагаад үүнийг шалгахгүй байгаа юм бэ? Мөн ар нуруунд нь зулгаралт үүссэн байсан. Би одоо задлан шинжилгээний материалтай танилцсан. Үнэхээр аймшигтай. Энэ бүхнийг анхаарахыг Улсын Ерөнхий Прокурор, Хууль Зүйн сайдаас хүсэж байна. Энэ хэргийг замхруулмааргүй байна." гэсэн бол дүү нь: "Миний ах зүгээр л байшингаа бариад, номоо бичээд, модоо тариад Хөвсгөл аймагт гэртээ сууж байсан хүн. Гэтэл ямар зорилготойг нь мэдэхгүй авч яваад хөнөөсөн. Миний ах хэзээ ч амиа хорлох хүн биш." гэв.