Н.Мандуул: Үүрэн телефоны оператор компаниуд төлбөрийн харилцааг хар жагсаалтад оруулж байгаа нь буруу
2023/07/04
ШӨХТГ-аас иргэдийн ярьж хэвшсэнээр хар жагсаалт буюу зээлийн мэдээллийн сангийн мэдээллийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгааг тус газрын дарга Н.Мандуул хэллээ.
Тэрбээр "Банк болон ББСБ-ын зээлийн мэдээллээс гадна үүрэн телефоны оператор компаниуд төлбөрийн харилцааг хар жагсаалтад оруулж буйг буруу гэж үзэж байгаа. Үүний хуульзүйн үндэслэлийг гаргаж, Дээд шүүхээс тайлбар авах хүсэлтээ албан ёсоор тавьсан.
Түүнчлэн банк, ББСБ-ууд зээлийн судалгаа хийхдээ иргэдийн лавлагаа нэрийдлээр 6 жилийн зээлийн түүхийг үзэж байгаа нь зээлийн мэдээллийн сангийн үндсэн концепцтой зөрчилдөж байна.
Аливаа иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо тухайн үеийн зээлийн мэдээллийг үндэслэн шийдвэр гаргах ёстой гэж үзэн зөрчлийг арилгуулахаар Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд хандсан байгаа" гэв.