Оффтейк гэрээний нууцаас: Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” алдаж, “Бодь интернэшнл” хожжээ
2023/07/05
Нүүрсний оффтейк гэрээ гэж нууцын далай байх шиг байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр анхнаасаа л төрийн нууцлалтай хийгдсэн.
Гэхдээ нүүрсний хулгайн талаар яригдах үед ил болсон. Тодруулбал, өнгөрсөн өвөл, 2022 оны сүүлчээр Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нийтдээ есөн оффтейк гэрээг төрийн нууцаас гаргаж байв. Үүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой хоёр гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хоёр гэрээ, мөн Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гурван гэрээ, далд уурхайн хайгуулын нэг гэрээ болон Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэг гэрээ тус тус багтсан байдаг.
Гэсэн ч хэн нэгэн иргэн, эсвэл байгууллага ил болсон гэрээнүүдэд дүн шинжилгээ огт хийгээгүй юм. Харин Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хорооноос сонсгол зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд эдгээр гэрээг шинжилсэн байх магадлалтай. Тиймээс “...Сонсгол хэзээ болох вэ” гээд нийтээрээ хүлээсэн. Гэвч сонсгол болоогүй, шинжилгээ дүгнэлт нь ч гарч ирээгүй.
Тэгвэл дээрх гэрээнүүдэд Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг дүн шинжилгээ хийжээ. Тэд холбогдох нээлттэй мэдээ, мэдээллийг ашиглан дээрх есөн гэрээнд баримтын шинжилгээ, эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг хийсэн байна.
Судалгаа шинжилгээний багийнхан “Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээн дүгнэжээ. Харин бусад гэрээнд тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна.
Хамгийн эхнийх нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй аж. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ.
Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм.
Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна. Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин