Зуслангийн бүсэд айл өрхүүд үерт автжээ. Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бэхбаяр "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автсан. Эдгээр айл өрхийн ихэнх нь эзэнгүй байв. Эзэнтэй байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулах ажлыг зохион байгуулсан.

Гал унтраах 34, 74 ангийн алба хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 дуудлага ирээд байгаа ч заримд нь хараахан очиж амжаагүй. Үндэсний аврах бригадаас хоёр бүлэг нэмэлтээр ирж, очоогүй дуудлагад хүрч ажиллана.

Санзай, Хандгайтын зусланд байгаа иргэд "Байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч" гэдэг гомдол мэдээлэл нэлээдгүй ирсэн. Сэлбэ голын далан босгох ажилд хүн хүч ажиллаж байгаа учир энэ хэсэгт далан барьж амжихгүй байна. Нөхцөл байдал хүнд байна. 

Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна" гэв. 

Натур төвийн хойд талын сэргээн босгосон далангаар ус давж гарах тохиолдол гарсангүй

зураг

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Санзайгаас эхтэй Сэлбэ голын ай савд байгаа 200 гаруй айл усанд автсан байна. Урд шөнө 700 гаруй алба хаагч, ажилтнууд үерийн эрсдэл бүхий 18 цэг дээр үүрэг гүйцэтгэсэн. Нэн эрсдэлтэй найман цэгийн нөхцөл байдал сайжирсан.

Сэлбэ гол дагуух Натур төвийн хойд талын сэргээн босгосон далангаар ус давж гарах тохиолдол гарсангүй. Далан босгох үйл ажиллагаа үргэлжилж байна" хэмээн хэллээ.

Урд шөнө усны түвшин 15-20 см нэмэгджээ.