Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Хорт хавдар судлалын олон улсын агентлаг /IARC/ сахаргүй хийжүүлсэн ундаа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд ашигладаг хиймэл чихэрлэг амт оруулагчийг хүний биед "хорт хавдар үүсгэж болзошгүй" бодисуудын жагсаалтад оруулснаа мэдэгджээ. 

Хэдийгээр аспартамыг "хорт хавдар үүсгэх магадлалтай" гэж ангилсан ч ДЭМБ-ын албаны хүмүүс компаниудад бүтээгдэхүүнүүддээ ашиглахгүй байхыг зөвлөөгүй, хэрэглэгчдэд огт хэрэглэхгүй байхыг ч уриалаагүй гэдгээ онцолсон байна.

ДЭМБ-ын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын газрын захирал Франческо Бранка хэлэхдээ, "Бид гагцхүү зохистой хэрэглэхийг зөвлөж байна" гэжээ. 

Аспартам нь бохь, мөхөөлдөс, йогурт, өглөөний хоол, шүдний оо зэрэг өргөн хэрэглэгддэг олон бүтээгдэхүүний “эрүүл, чихэргүй” гэгддэг төрлүүдэд, мөн “Diet Coke”, “Coke Zero”, “Pepsi Max”, “7 Up Free” зэрэг сахаргүй хийжүүлсэн ундаануудад агуулагддаг.  Уг бодис нь элсэн чихрээс 200 дахин чихэрлэг, үндсэндээ калори агуулдаггүй байна.

Аспартамыг анх Францын Лион хотод төвтэй, ДЭМБ-ын Хорт хавдар судлалын олон улсын агентлаг судалж эхэлжээ. Тус байгууллагын шинжээчид мөн чихэр орлуулагчийг хязгаарлагдмал хэмжээгээр хэрэглэх нь аюулгүй гэж үзсэн хэвээр байгаагаа мэдэгджээ. 

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг