СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд хортой болон хоргүй могой ихээр үзэгдэж байна
2023/07/18
Үер буусантай холбоотойгоор могойд хатгуулах тохиолдол их гарч байгаа талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээлээд байв.
Тэгвэл долдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн А блокийн автомашины зогсоол дээр хортой могой байсныг шуурхай арга хэмжээ авч Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа байгаль хамгаалагчид аюулгүй хүлээлгэн өгсөн байна.
Сүүлийн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод хортой болон хоргүй могой ихээр үзэгдэж байгаа учир Улсын нэгдүгээр төв эмнэлгээс дараах сэрэмжлүүлгийг хүргүүллээ.
Бамбай хоншоорт могой нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн үед үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.
Ерөнхий шинж:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарууллаа.