Нийслэл хотод үер усны улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна. 

Ингэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төвийн лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулжээ.

Лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг долдугаар сарын 21-ний өдөр гаргана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас мэдээлэв. 

Мөн БОАЖ-ын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.