Олон нийтийн цахим сүлжээгээр өчигдөр караокед зарим дууг дуулахыг хасах тухай Соёлын яам Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор Соёлын яамнаас мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд "Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн. Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.

Тус хуулийн төслийн 12.3-т "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ" гэж заасан бөгөөд энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно" гэжээ.