ubmap.ulaanbaatar.mn-ээр нийслэлийн авто замын замын ачааллыг хянах боломжтой
2023/07/21
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
Энэ үеэр “Дижитал хот” төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудтай танилцсан байна. Тус төслийн хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байгаа аж. Тэгвэл “Дижитал хот” төслийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням танилцуулав.
Тэрбээр "Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1,900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдлээ.
- "Дижитал UB" аппликэйшнээр иргэд судалгаанд оролцох, нийслэлийн мэдээллийг цаг алдалгүй авах, өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийг хянах боломжтой.
- “Онлайн бизнес төв”-өөр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй 220 гаруй үйлчилгээг бүрэн цахимжуулсан.
- “Онлайн бизнес төв” систем рүү 564 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж хандаж, 15 мянга нь үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж, 10 мянга орчим нь зөвшөөрлөө баталгаажуулан, үйл ажиллагаа явуулж байна.
- E-school платформ нь сургуулиудын сургалтын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, суралцагчдад зайнаас суралцах боломжийг олгох, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсрол эзэмших үйл явцад оролцох боломжтой.
- Өрхийн эрүүл мэндийн систем нь өрхийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авахад цаг хэмнэх зорилготой. Энэ хүрээнд ухаалаг цаг ашиглалтын системийг хамгийн их ачаалалтай 140 өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлснээр үзлэгийн цагийг цахимаар болон киоск төхөөрөмжөөр авах юм.
- Газрын зургийн суурь систем /ubmap.ulaanbaatar.mn/ нь Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь систем, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжтой.
- Хяналтын дашбоард (сити дашбоард) нь тээврийн хэрэгслийн зорчилт, явсан дундаж км, нийтийн тээврээр зорчигчид, товчоодоор орж, гарсан тээврийн хэрэгслийн тоо зэрэг дата мэдээллүүдийг үүсгэнэ" хэмээв.
Мөн Зам, тээврийн нэгдсэн систем төслийн хүрээнд хэрэгжиж буй таван төслийг танилцууллаа. Үүнд:
- RFID уншигч төхөөрөмжийн дэд бүтцийн ажлын хүрээнд 455 төхөөрөмж суурилуулсан.
- Шалган нэвтрүүлэх найман товчоог камер болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан.
- Хяналтын камерын системийн хүрээнд 80 гаруй камер суурилуулсан.
- Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar” системээр жолооч, иргэд хийгээд зам, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, үйлчилгээ үзүүлэх аж.
Зочин · 2023/07/23
SEKSDN80955877