Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.  Ойн энэ өдөр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүлж байна.

-Төв сайхан нутгийн зон олон та бүхэндээ Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын мэнд хүргэн мэндчилье.

 Төв аймгийн зон олон та бид улсын хөгжлийн түүхийг түүчээлж, улсын­хаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлд­вэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч, үйлдвэрлэгч аймаг болж, түүхт 100 ойтойгоо золгож байна.

Манай аймагт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд буюу Хөшигийн хөндийн олон улсын онгоцны буудал, түүнийг дагасан бүтээн байгуулалт, дэд бүтэц шугам сүлжээ, Богдхан төмөр зам төсөл, тээвэр логистикийн сүлжээ, эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах томоохон төслүүд хэрэгжиж, аймгийн эдийн засаг тэлэх “эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтууд” эхлээд байна.

Төв сайхан нутгийнхаа нэгэн зууны түүхийг хамтдаа бүтээлцэж, шинэ зууны хөгжлийг хамтдаа эхлүүлж байгаа ажилсаг хөдөлмөрч, алдартан суутнуудын өлгий болсон Төв аймгийнхаа иргэд, олон түмэн та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэж, үйлс бүхэн нь өлзий дэмбэрэлтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм та бүхэн сум нь мэргэн, морь нь хурдан, бөх нь хүчтэй, оноо мэргэн дэнж хотойтол сайхан наадаарай.

 Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар