Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Иргэдийн хурлын Ардчилсан намын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ: "Энэ удаагийн хотод тохиолдсон асуудал бол байгалийн гамшиг биш. Энэ бол байшалийн онц аюултай үзэгдэл, гамшиг биш. Харин орчин үеийн хотуудад байдаг инженерийн шийдэл, стандартуудыг хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн тэдгээр тооцооллыг алдагдуулж байна. Менежментийг хангалттай хийж чадахгүй байна гэдэг байр суурьтай байна.

Улаанбаатар хотын нийт иргэдээс авсан судалгаагаар 76 хувь нь Д.Сумъяабазарыг хүсэхгүй байна, шууд сольмоор байна гэсэн байна. Мөн иргэдийн зүгээс хотын даргаа бид өөрсдөө яагаад сонгож болдоггүй юм бэ? гэдэг асуултыг тавьж байна.

Бидний хүсэхгүй байгаа, ажлаа хийж чадахгүй байгаа хотын дарга яагаад ингээд зууралдаад байгаа юм бэ? гэдэг асуултыг мөн асууж байна. Нийслэлийн 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ын гишүүд. Эдгээр хүмүүс Д.Сумъяабазарыг цээжээрээ хамгаалж, авч үлдэж байна. Тэд Нийслэлийн МАН-ын хорооны бодлогыг сөрж чадахгүй, Д.Сумъяабазарын өөдөөс дуугарч чадахгүй, тушаал аваад, магадгүй тендер аваад амаа үдүүлсэн байдалтай байна. Тийм учраас Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах ёстой гэдэг шаардлагыг АН-ын зүгээс албан ёсоор тавьж байна. 

 

 

1. Нийслэлийн А зэрэглэлийн болон нягтаршил ихтэй байршлуудад газар олгох, зориулалтыг нь өөрчлөх, барилга барих зөвшөөрөл олгох явдлыг зогсоох журмын төслийг АН-ын бүлгээс боловсруулсан. Уг журмын НИТХ-ын хурлаар хэлэлцэж батлах, тогтоол гаргах.

 

2. Энэ удаагийн үер, усны аюулын эх сурвалж, шалтгаан дээр НОБГ ахлан, ажлын хэсэг гаргаж, бүрэн дүгнэлт гаргах. Тус дүгнэлтийг иргэдэд тайлагнаж, цаашдын төлөвлөгөөг танилцуулах. Мөн үер, усны аюулын шалтгаан болсон холбогдох албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцох. 

 

3. 2023 оны төсвийн тодотголыг яаралтай хийх, 2024 оны төсөвт гадаргын болон хөрсний ус, замын ус зайлуулах системийн доголдлыг арилгах, инженерийн тооцооллын дагуу зохих бүтээн байгуулалт, сэргээн засварлах ажлуудыг хийх төсвийг суулгаж өгөх. Холбогдох тооцоолол, төлөвлөгөөг Геодези, усны газар боловсруулж, НИХ болон олон нийтэд танилцуулах.

 

4. Байгалийн онц аюултай үзэгдэл, гамшгийн хэмжээнд хүрээгүй хур тунадас, голын усны түвшний дээшлэлтэд бэлэн байдлыг хангаж ажиллаж чадаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг НИХ-аар хэлэлцүүлэх санаачлагыг албан ёсоор гаргаж байна." гэсэн юм.