Хятадын зүүн бүсийн Ханьжоу хотын амьтны хүрээлэн тус хүрээлэнгийн үзвэр болох нэг төрлийн баавгайг тусгай өмсгөлтэй хүн биш болохыг тайлбарлахад хүрчээ.

Уг баавгайн хойд хоёр хөл дээрээ зогсоод хүмүүс рүү харж буй дүрс бичлэг сошиал орчинд тарсны дараа баавгайн оронд баавгайн өмсгөлтэй хүн байгаа гэсэн цуурхал тарсан юм байна.

Том нохойн хэмжээний биетэй нарны баавгай гэдэг энэ амьтан нь баавгайн төрөл зүйлүүд дотроос биеэр хамгийн жижиг нь бөгөөд Зүүн Өмнөд Азийн ширэнгэ ойн уугуул амьтан ажээ.

Хойд хоёр хөл дээрээ цэх зогссон баавгайн ташааны арьс хунирсан байсан нь хүмүүсийг улам сэжиглэхэд хүргэсэн байна.

Ханьжоу хотын амьтны хүрээлэн баавгайн ховордсон энэ төрөл зүйлийн онцлогийн талаар танин мэдэхүйн мэдээлэл тараажээ.

Тухайлбал нарны баавгай хойд хөл дээрээ зогсоход өндөр нь 1.3 метр хүрдэг бөгөөд энэ нь Умард Америкийн саарал баавгайн хэмжээний талд ч хүрэхгүй хэмжээ юм байна.

Баавгайг бодитой болохыг харуулах тусгай танилцуулгыг өчигдөр амьтны хүрээлэнгийн захиргаа хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион байгуулжээ.

Ташааны хунирсан арьс нь уг амьтны анатомийн өвөрмөц хэв шинжтэй холбоотой хэвийн үзэгдэл болохыг судлаач тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC