Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2022 оны 12 дугаар сард гарч, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг энэ оны гуравдугаар сард байгуулсан билээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Тус үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг долдугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулав.

Чуулганд Монгол, ОХУ, Казахстан, Япон, Израил улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцлоо.

 

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ.

Тухайлбал Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.

Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь энэ онд багтаан Хархорум хотын инженер-геологи, гидро-геологийн нарийвчилсан судалгаа, байр зүйн зураглалыг хийх юм байна.

Цаашид Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах, улмаар техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан зураг төслийг боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.