Монгол орны аялал жуулчлалын улирал ид үргэлжилж байна. Эдийн засагчид, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд энэ жилийг олон улсын аялал жуулчлалын салбар ковидын дараагаас эрчтэй сэргэсэн жил байна гэж дүгнэсэн нь биеллээ олж, Монгол орныг зорин ирж буй жуулчдын цуваа үргэлжилсээр байна.

Энэ жилийн хувьд манай улсад солонгос жуулчид олноор ирж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистикаар өнгөрсөн сарын байдлаар БНСУ-аас 60 мянган жуулчин Монголд буужээ.

Энэ нь манай орныг зорьж буй нийт жуулчдыг улсаар нь харьцуулахад өндөр үзүүлэлт гарч буй. Мэдээж үүнд Солонгосын урлаг соёлын оддын Монголд хийсэн аяллууд тодорхой хувь нэмэр оруулсан. Нөгөө талаар Солонгост зуны хамгийн халуун үе эхэлсэнтэй холбоотойгоор сэр сэр салхитай, бур бур бороотой Монгол тэдний хувьд диваажин л гэсэн үг. Тиймээс солонгос жуулчдын цуваа нэг хэсэгтээ л үргэлжилж, манай орны аялал жуулчлалын салбарт багагүй хувь нэмэр оруулах таатай дүр зураг харагдаж байгаа юм. Энэ хагас жилд бид жуулчдаасаа 120 орчим сая ам.доллар олсон гэж албаны хүмүүс ярьж байгаа.

Тэгвэл энэ мөнгийг бид ОУВС-д орж байж, байдгаа тоочиж ам шүдээ өгч байж авч байсан удаа нэг биш. Жуулчлал гэдэг ийм л ашигтай байдаг аж. Аль газрын жуулчид зорьж очсон улсынхаа төв, брэнд болсон дэлгүүрээр зочилдог, худалдан авалт хийдэг уламжлалтай.

Монголд ирсэн жуулчдын хамгийн түрүүнд хаалгыг нь татдаг дэлгүүр бол Улсын их дэлгүүр. Тиймээс аялал жуулчлалын оргил үе гэмээр энэ өдрүүдэд тус дэлгүүр хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байна. Нэг талаар баярлах ч нөгөө талаар үйлчлүүлэгч гадаад жуулчдын өмнөөс нүүр улайхаар нэг асуудал энэ том дэлгүүрт бий болоод удаж байгаа юм. Тэр бол үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө. Нэг дор олон зуун хүн үйлчилгээ авч байгаа тус дэлгүүрийн ариун цэврийн өрөө ердөө л хоёр, гуравхан суултууртай. Модон жорлонгоо олон жил ярьж, сольж чадаагүй байгаа монголчуудын хувьд Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөө харин ч боловсон юм шиг санагдаж болох ч гадны жуулчдын хувьд эсрэгээрээ, маш эмзэг асуудал болдог. Учир нь суурин амьдралын хэв маягаар хэдэн зуун жил оршиж ирсэн гадныхны хувьд ариун цэврийн өрөө нь тав тухтай, хүртээмжтэй, цэвэр цэмцгэр байх нь амьдралын наад захын шаардлага болчихсон. Ямар сайндаа Солонгосын сошиал од бүсгүй Монголд аялсан сэтгэгдэлдээ “Анх удаа байгальд бие засч үзсэн нь хамгийн сонирхолтой байлаа” гэх вэ дээ.

Маш товчхоноор монголчуудын ариун цэвэр, тав тухын тухай ойлголт, хандлага, түүнийг амьдралдаа хэрэгжүүлдэг байдалд дүн тавьчихаж байгаа юм. CU, GS25 зэрэг гадны сүлжээ дэлгүүрүүд салбарт бүртээ ариун цэврийн өрөө тохижуулж монголчуудад ёстой л “соёлын хувьсгал” тарьсан шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн улсын нүүр царай болсон төв дэлгүүрийн ариун цэврийн өрөө хүртээмжгүй. Хоёр гуравхан суултууртай давчуу өрөөний хаалган дээр үйлчлүүлэгчид дугаарлаад зогсчихдог.

Ингэж ачаалалтай ажилласан газрын ариун цэвэр, үнэр танараас эхлээд л асуудал үүсдэг. Яг л бороотой өдрийн хонины хот шиг орчин үүсдэг гэхэд хилсдэхгүй. Гадаадад хөдөөний зам зуурын дэн буудал, ШТС-уудад ч ийм орчин нөхцөлтэй ариун цэврийн өрөө байхгүй. Харин манайдаа улсын нийслэлд, бүр А зэрэглэлд байрладаг төв дэлгүүрийн ариун цэвэр сахих үйлчилгээ ийм дүр зурагтай олон жил болж байгаа юм. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй хүн үйлчлүүлэх тухай бодоод ч хэрэггүй. Үнэхээр нүүр улаймаар, бүдүүлэг үйлчилгээ гэж нэрлэхэд зохино. Уг нь үйлчилгээний байгууллага ямар байх ёстойг, ямар стандарттай байхыг Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн гуай хамгийн сайн мэдэх учиртай. Тэрбээр үр хүүхдүүдийнхээ хамтаар Улсын их дэлгүүрийн ихэнх хувьцааг эзэмшдэг, нэг ёсондоо эзэн нь. Төрөөс хүртсэн шагнал нь худалдаа үйлчилгээ ямар байх ёстойг олон үггүй л тайлбарлаж байгаа юм. Гэвч ашиг хүртэж амьдралаа тэжээж ирсэн хөрөнгийнх нь нүүр царай ийм гундуу, жилээс жилд үйлчилгээ нь унаж байгааг харахад хүүхдүүд нь дэлгүүрийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаад, эцгийнхээ оролцоог багасгасан юм болов уу даа. Дэлгүүрийн өнөөдрийн орчин нөхцөлийг харахад эзэд нь өндөр түрээснийхээ ашгаа л хуваагаад суудаг юм уу гэмээр үйлчилгээ гэж тэг заачихсан газар болоод удлаа.

Нэгэнт улсын нүүр царай болж байгаа Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг стандартын үйлчилгээтэй болгоё. Зай талбай томтой, олон суултууртай, агааржуулалт сайтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй эцэг эхчүүд тухтай ороод бие засчихдаг хүртээмжтэй болгож тохижуулъя. Эзэд нь энэ тохижилтонд төсөв гаргаж чаддаггүй юм бол А.Шагдарсүрэн гуай дансаа тавьчихмаар байна, ард түмнээс хандив цуглуулъя. Улс орныхоо, Улаанбаатар хотынхоо нэрийг бодъё. Үүнд худалдааны гавьяат нэрэлхээд яахав, дансаа тавиад хэдэн цаас олоод ариун цэврийн өрөөгөө сайхан болгоод авчих. Харин цугласан мөнгөнөөс нь луйвардчихгүй юм байгаа биз дээ. Нэрээ бодох байлгүй. Мэдээж ард түмний хяналт ажиллуулна, хашир нь дээр. Манайхан ямар билээ. Дараагийн ээлжинд нийтээрээ Улсын их дэлгүүрийн авто машины зогсоолыг тохижуулах хандив босгоё, монголчууд аа. Тэд үйлчлүүлэгчдэдээ хайргүй, үйлчилгээний соёл гэж мэддэггүй.

Гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, түүний үр хүүхдүүдийг хөлжүүлэх гэж 40 мянгатын айлууд хэдэн жил түгжрэл дунд амьдарлаа. Үйлчлүүлэхээр очсон иргэд машинаа тавих зогсоолгүй, эргэн тойронд нь хий дэмий л түгжрэл үүсгэдэг. Улсын их дэлгүүрийн эздэд энэ падлийгүй мэт явж ирсэн. Авто зогсоол гэдэг орчин үед ямар чухал байдгийг, яаж байгуулж болдгийг Сансарын “Е-март” худалдааны төв харуулчихсан. Гэтэл манайд Улсын их дэлгүүр гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлж, түрээсээ нэмэгдүүлсэн тухай л дуулдаж ирсэн. Уг нь тэд дэлгүүрийнхээ газар доор хэдэн давхар ч авто зогсоол байгуулчих хур хөрөнгөтэй болж амжсан баймаар. Яахав, тэд ариун цэврийн өрөө, авто зогсоолоо тохижуулж мэдэхгүй, төсөв гаргаж чадахгүй бол нэр төрөө бодоод нийтээрээ хандив цуглуулж, стандартын үйлчилгээтэй болгоё.

Энэ тухай уншигч та бүхэн ямар саналтай байна вэ. Үйлчилгээ муутай, үнэр танартай ариун цэврийн өрөөтэй төв дэлгүүртэй гээд улсын нэр гарахаас А.Шагдарсүрэн гуай, түүний үр хүүхдийн нэр гарахгүй. Улсын их дэлгүүрийн нэрийг аврах ийм л зам байх шиг байна, уншигчид аа!

Б.ЭНХЗАЯА