Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийг хүмүүс өнгөрсөн хугацаанд зөвхөн царай, бие галбирын өрсөлдөөн гэж ойлгож ирсэн. Гэвч өнөөдөр энэ ойлголт үндсэндээ өөрчлөгджээ.

Орчин үеийн миссийн тайз бол тухайн орны боловсрол, соёл, нийгмийн үнэт зүйл, олон улсад өөрийгөө илэрхийлэх чадварыг давхар хэмждэг талбар болсон. 

 

Монгол бүсгүйчүүд олон улсын тайзан дээр анзаарагдахуйц давуу талтай. Тэдний дорнын өвөрмөц төрх, өндөр нуруу, үндэсний соёл бүхий өнгө аяс нь дэлхийн тэмцээнүүдийн нэг хэвийн дүр төрхөөс ялгардаг. Үүн дээр нүүдэлчин соёл, үндэсний хувцас, уламжлалт ахуй зэрэг биднийг бусад улсаас онцолдог хүчин зүйл нэмэгдэнэ.

 

Дэлхийн миссийн тэмцээнүүд сүүлийн жилүүдэд “стандарт гоо сайхан”-аас илүүтэй дахин давтагдашгүй дүр төрх, хувь хүний онцлогийг үнэлэх болсон нь Монгол оролцогчдод боломж олгож буй. Гэхдээ орчин үеийн тэмцээн зөвхөн гадаад төрхөөр хэмжигдэхээ больсон. Оролцогчийн боловсрол, хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, нийгмийн оролцоо шийдвэрлэх нөлөөтэй болсон. Дэлхийн хэмжээний титмийн эзэд ихэвчлэн нийгмийн төсөл хэрэгжүүлдэг, олон нийтийн өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, тодорхой асуудлаар дуу хоолойгоо хүргэж чаддаг эмэгтэйчүүд байдаг. Энэ утгаараа миссийн тэмцээн нь гоо сайхны бус, манлайллын өрсөлдөөн болж хувирсан гэж хэлж болно.

 

Монголын шинэ үеийн оролцогчид өмнөх үетэй харьцуулахад илүү харьцангуй бэлтгэгдсэн болох нь анзаарагддаг. Гадаадад боловсрол эзэмшсэн, англи хэлтэй, олон улсын орчинд өөртөө итгэлтэй харилцаатай бүсгүйчүүд нэмэгдэж байна.

 

Мөн сошиал медиа, олон улсын контентын нөлөөгөөр дэлхийн тайзны шаардлага, чиг хандлагыг ойлгодог болсон нь давуу тал болж буй. Гэсэн ч дэлхийн миссийн титэм хүртэхэд Монголд дутагдаж буй зүйл цөөнгүй байна. Миссийн салбар өндөр хөгжсөн орнууд оролцогчдоо олон жилийн турш мэргэжлийн түвшинд бэлтгэдэг. Венесуэл, Филиппин, Энэтхэг зэрэг улсад миссийн бэлтгэл нь бараг спортын шигшээ багийн системтэй адил хэмжээнд хүрсэн байдаг. Тайзны хөдөлгөөн, камерын өмнөх харилцаа, сэтгэлзүй, илтгэл, хэвлэл мэдээллийн менежментээс эхлээд бүх чиглэлээр тусгай баг ажилладаг. Харин Монголд энэ тогтолцоо бүрэн төлөвшөөгүй хэвээр байна. Нөгөө талаар дэлхийн тэмцээнүүдэд зөвхөн оролцогч бус, улс орны “түүх” өрсөлддөг болсон. Ялагчид ихэвчлэн өөрийн гэсэн хүчтэй байр суурь, амьдралын түүх, нийгмийн нөлөөллийн санаачилгатай байдаг.

 

Монголын хувьд байгаль, нүүдэлчин соёл, уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг сэдвээр дэлхийд хүргэх онцгой өгүүлэмжүүд бий. Харин тэр түүхийг олон улсын түвшинд ойлгомжтой, нөлөөтэй хэлбэрээр хүргэх чадвар хамгийн чухал асуудал хэвээр байна.

 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хүн ам цөөн ч дэлхийд боломжгүй мэт санагдаж байсан олон амжилтыг бодит болгосон. Нэгэн цагт монгол хүн сумогийн оргилд хүрнэ гэдэг эргэлзээтэй санагддаг байсан бол өнөөдөр энэ нь бодит болсон. Монгол модель, артистууд олон улсын зах зээлд үнэлэгдэх болсон нь ч үүний нэг жишээ. Иймээс дэлхийн миссийн титэм монгол хүнд хүртэх боломжгүй зүйл биш юм. Эцэст нь хэлэхэд, дэлхийн тайзан дээр ялалт байгуулдаг эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэйдээ бус, хамгийн их нөлөө үзүүлж чадсандаа үнэлэгддэг болсон цаг иржээ.

Хэрэв Монгол Улс урт хугацааны бэлтгэл, мэргэжлийн систем, олон улсын түвшний төлөвшлийг бий болгож чадвал “Дэлхийн мисс” титмийн эзэн монгол бүсгүй байх өдөр ирэх бүрэн боломжтой.

 

Н.Отгончимэг

sonin.mn