Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах чиглэлээр “Нэг зам - Нэг соёл” нөлөөллийн аяныг эхлүүлэн явуулж байгаа.

Энэ ажил арга хэмжээний хүрээнд иргэдээс гомдол мэдээлэл хүлээн тусгай дугаарын утсанд шөнө оройн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд чанга дуу чимээ гаргаж байна гэх гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Оны эхний хагас жилд энэ төрлийн гомдол, мэдээлэл 88, зөвхөн өнгөрсөн долдугаар сарын 25-наас 31-ний хооронд 34 мэдээлэл ирсэн байна.

2023 оны наймдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн хугацаанд мотоцикл 42, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалган, хариуцлага тооцох, зөвлөмж зааварчилга өгөх ажлыг зохион байгуулж найман мотоцикл, гурван автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэхийг шалгаж байна.

Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байгаа асуудал илэрсэн.

Дээрх зөрчлүүд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй .., тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг заалтуудыг зөрчиж байгаа үндэслэл байгаа тул дараах хариуцлагуудыг хүлээлгэхээр ажиллаж байна. 

Зөрчлийн тухай хууль

14.7 дугаар бүлгийн 15. ..., бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.1.замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5 дугаар бүлгийн 5.5.1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Автотээврийн хяналтын улсын байцаагч нартай хамтран тус хуулийн 14.6 дугаар бүлгийн 4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч:

4.4.иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах; ..... үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.гэсэн заалтын хүрээнд хариуцлага тооцно.

Мөн шаардлагатай тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах арга хэмжээг авч ажиллах бөгөөд иргэдээс ирүүлсэн зөрчлийн талаарх бодит мэдээллийг дагуу хариуцлага тооцохоос гадна спорт машин, мотоцикл сонирхогчдын холбоо, клубүүдийн төлөөлөлтэй уулзалт хийх, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба