Ховд аймагт автомашин үерт урсаж, хоёр иргэн амиа алджээ
2023/08/03
Ховд аймагт өчигдөр уулархаг нутгаараа богино хугацаанд хүчтэй аадар бороо орсны улмаас Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэгт буюу Шургын гүүр орчимд дөрвөн газарт ус зам давсан байна.
Мөн улсын чанартай авто замын А14 дугаартай Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд дөрвөн газарт үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсаж зам хаагджээ. Үерт өртсөн зорчигч нарт анхны тусламж үзүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Сумын удирдлага, онцгой байдлын тасагтай хамтран Ерөнхий инженер болон техник, шуурхай ажлын хэсэг гарсан хэмээн “Ховд АЗЗА” ТӨХК-аас мэдээлэв.
ОБЕГ-аас мэдээлснээр наймдугаар сарын 2-нд буюу өчигдөр Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын нутагт машинтай иргэд үерийн усанд урсаж, хоёр иргэн амиа алджээ.