Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2023/08/14
Өнөөдөр /2023.08.14/ өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Уг гурван сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Одоогор оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Хэнтий аймаг дахь тарваган тахлын хүний өвчлөлийн болон байгалийн голомтын мэдээлэл:
- 1981-2022 оны байдлаар Хэнтий аймагт тарваган тахлын хүний өвчлөл нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс Өмнөдэлгэр суманд (1981, 1983, 1993, 1998 онд), Өлзийт суманд (1987 онд), Хэрлэн суманд (1993, 2004 онд), Мөрөн суманд (2000 онд) бүртгэгдсэн.
- Хэнтий аймагт хийсэн байгалийн голомтын тандалт судалгааны сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Өмнөдэлгэр (2002, 2003 он), Хэрлэн (2002 он) суманд тарвага, тарваганы зэм үхдэл, тарваганы бүүрэг, зурамны бүүргээс тарваган тахлын өсгөвөр илэрч байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон.