ЦХХХ-ны сайд Н.Учрал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу  барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг ил болгон танилцууллаа.

Энэ зун Улаанбаатар хотод болсон үерийн дагуу Сэлбэ гол орчимд далангийн ус давж, маш олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд голын далан дээр баригдсан "S Outlets" дэлгүүр, "Ривер-Вилла" хотхон нөлөөлсөн болохыг иргэд төдийгүй мэргэжлийн судлаачид ч олноор өгүүлж буй . Тэгвэл "S Outlets" дэлгүүрийн газрыг Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны 05 сарын 27-ны өдрийн 275-р захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ.  Харин Э.Бат-Үүлийн үед Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Н.Батаа  2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон 5 дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн. 

S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан.

Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ. 

Харин “Ривер вилла” хотхоныг 2021 оны 10 сарын 01-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан.

 

Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.ЭНхболд 2002, 2003, 2004 онд газар олгожээ.

 

Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, тэрээр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтанд хүлээн авсан байна.

 

Өөрөөр хэлбэл Сэлбэ гол орчмын үерт өртсөн орон сууцнуудад оршин суугч иргэдийн хохирлыг дээрх барилгуудад зөвшөөрөл өгсөн Нийслэлийн Засаг Дарга, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, МАН-ын дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн М.Энхболд, Нийслэлийн Засаг Дарга асан, өдгөө Турк улсад элчин сайдаар ажиллаж буй Г.Мөнхбаяр, барилга барьсан "Эко констракшн" ХХК-ий эзэмшигч С.Нямдаваа, илтэд хууль зөрчин баригдсан барилгыг хүлээн авах комисст ажиллаж байсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нарын зэрэг 100 орчим нэр бүхий төрийн албан хаагчид барагдуулах хууль зүйн үндэслэлтэй болж таарч байна. 

 

Д.Дандархүү

сонин.мн