М.Мөнхболд: Допингийн шинжилгээний төлбөрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдэж өгдөг
2023/08/21
Энэ жилийн баяр наадмаар барилдсан 32 бөхийн допингийн шинжилгээний хариуны талаар Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Нэг бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсныг WADA-гийн батламжлагдсан лабораториос өнөөдөр ирүүлжээ.
Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд "Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг.
32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн.
Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг.
А сорьцын шинжилгээний хариуг Б сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй.
Тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэхийг 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй" гэв.
Баяр наадмын тухай хуульд допингийн А сорьцын шинжилгээний хариуг ирсэн даруйд олон нийтэд мэдээлэх зохицуулалт байдаг гэж ойлгодог. Допингийн шинжилгээний хариуг овог, нэртэй нь зарлаж болдоггүй юм уу, олон нийтийн дунд эргэлзээ төрөөд, бөхчүүдэд надад хэлээгүй гээд мэдэгдэл хийдэг. Тухайн бөхөд допинг илэрсэн бол олон нийтэд мэдээлэх эрх зүйн орчин нь хаагдмал юмуу? гэсэн сэтгүүлчийн асуултад Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "32 бөхөөс нэг бөхөд допинг илэрлээ.
Тамирчинд Б сорьцын шинжилгээнд орох эсэх эрх байдаг. Б сорьцын шинжилгээний хариуг эцэслэн гарсны дараа нэрийг зарлах дүрэм журам үйлчилж байна. Тухайн тамирчинд бид хүндэтгэлтэй хандаж, Б сорьцын шинжилгээнд орж нягтлах хэрэгтэй. Эсвэл допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсний дараа олон нийтэд нэрийг зарлаж болно.
Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь баталгаажвал хариуцлагын асуудал ярина. Допинг хэрэглэсэн тамирчдын барилдах эрхийг 2, 4, 8, жилээр болон бүх насаар нь хасах зарчимтай" хэмээн хариуллаа.
Допингийн шинжилгээний зардлын тухайд "Допингийн шинжилгээний зардал баяр наадмын төсөвт байдаггүй. WADA-гийн батламжлагдсан лаборатори Засгийн газартай хийсэн гэрээний үндсэн дээр ямар спортын тэмцээний шинжилгээг хийсэн үр дүнгээр санхүүжилтээ авдаг гэж ойлгож байгаа. Стандарт шинжилгээ буюу лабораторийн дараалал, хүчин чадлаасаа шалтгаалаад тодорхой цаг хугацааны дараа авах эсвэл илүү мөнгө төлөөд шуурхай авах уу гэдэг асуудал байгаа.
Баяр наадмын өдрүүдэд допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж 32 бөхөөс авсан. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулсан. Илгээмжийг лабораторид хүргэх хүртэл баталгаажуулсан гэсэн үг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цөөн байдаг лабораторид шинжлүүлсэн гэж үзэж байгаа. Шинжилгээний хариу хурдан ирдэг гарцыг олно.
2025 оноос аймгийн наадамд барилдах бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудалд холбоогүй. Яамны Төрийн нарийн бичгийн дарга үе үеийн наадмын Үндэсний бөхийн салбар хороог ахалж ирсэн.
МҮБХ зөвшөөрвөл өөрсдийн зардлаараа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах тохиролцоонд хүрнэ.
Баяр наадмаар бөхийн бай, шагнал, аваргуудад хүндэтгэл үзүүлэх, хүүхдийн барилдааны бай шагналд төсөв батлагддаг" гэв.
Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд "Манайх ямар нэг байдлаар олон улсын байгууллагаас санхүүждэггүй байгууллага. Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлдэг. Допингийн шинжилгээний төлбөрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдэж өгдөг.
Допинг илрээгүй 31 бөх шинжилгээний хариугаа нэг хүний асуудал шийдэгдсэний дараа авах хэрэгтэй байх" гэсэн мэдээллийг өглөө.
Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн мэдээлснээр шинжилгээний хариуг эерэг гарсан бөхөд л мэдэгддэг байна. 32 бөхөөс гадна 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариу иржээ. Үүнээс нэг бөхөд эерэг хариу гарсан болохыг WADA-гийн батламжлагдсан лабораториос өнөөдөр мэдэгдсэн байна.
А, Б сорьцоор допинг илэрсэн нь тогтоогдвол тухайн бөхөд унасан бөхчүүдийг давсанд тооцож, тэр даваанд нь цол авах бөх байсан бол цолыг олгуулах саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлнэ. Баяр наадмыг зохион байгуулах хороо Ерөнхийлөгчид уламжлах юм байна.
Зочин · 2023/08/22
34NASTAI ERTEI80955877
Зочин · 2023/08/22
S AWN80955877