2023 оны наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр энэ долоо хоногт гараад буй. Энэ арга хэмжээ нь түгжрэлийг багасгах зорилготойг албаныхан хэлсэн.

Уг шийдвэр маргааш буюу наймдугаар сарын 26-ны Бямба гарагаас хэрэгжиж эхлэхийг сануулж байна.

Тодруулбал маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөн 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлагдана.

Харин сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд наймдугаар сарын 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дугаарын хязгаарлалтын бүс:

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчуулах юм байна.

Өнгөрсөн жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авснаар 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байгаа аж.

Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, торгууль ногдуулдгийг ТЦА мэдээлж байв.